Зүүн бүсийн Хүндийн өргөлтийн клуб Сүхбаатар аймагт хичээллэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРМонголын Хүндийн өргөлтийн холбооны салбар клуб Сүхбаатар аймагт 2015 оны 9 сард байгуулагдсан. Энэ нь зүүн бүсийн хэмжээнд анхдагч, төв клуб болж байгаа гэдгээрээ онцлог. Одоогоор тус клубт 8-17 насны арав орчим хүүхэд, мэргэжлийн дасгалжуулагч багшийн удирдлаган дор өдөрт 4 цагийн бэлтгэл сургуулилтын тогтмол хийж байна.
Амжилтын хувьд 2016 оны Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 3 мөнгө, 3 хүрэл медаль, Ш.Энхсайханы нэрэмжит өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт 6 мөнгөн медаль хүртжээ.
Клубын хамгийн отгон тамирчин болох С.Оюунбилэг энэ спортыг сонгох болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Анх телевизээр Монголын шилдэг тамирчдын нэг Анхцэцэг эгчийг хараад хүндийн өргөлт гоё санагдсан. Би ч гэсэн Анхцэцэг эгч шиг Дэлхийд Монгол улсынхаа нэрийг гаргасан мундаг тамирчин болохыг хүсэж байна” хэмээн ярьсан юм.
"Клуб нээгдээд хамгийн эхэнд хүндийн өргөлтийг олон нийтэд сурталчилан таниулах нь маш чухал байсан. Тиймээс өнгөрсөн 3 дугаар сард Бүх ард түмний 14-р их наадмын Хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээнийг Сүхбаатар аймагт зохион байгуулсанаар энэ спортыг сонирхох, хичээллэх хүүхдийн тоо эрс нэмэгдсэн. Гэхдээ дэвжээний хэмжээнээс хамаараад ирсэн хүн болгоныг авах боломжгүй байна. Зорин ирж байгаа хүүхдүүдээс ирээдүйтэй, амжилт гаргах магадлалтай хүүхдүүдийг сонгон авч бэлтгэж байгаа. Бидний хувьд ганцхан жилийн дотор чамлахааргүй амжилт гаргасан. 2017 онд дөрвөн тэмцээн биднийг хүлээж байна. Мэдээж амжилтаа бататгах, ахиулахын төлөө хичээн бэлтгэл сургуулилтаа хийж байна" хэмээн хүндийн өргөлтийн дасгалжуулагч багш Н.Одгэрэл хэллээ.
Т. Одончимэг