Хог тээврийн авто гараж ашиглалтад оролгүй гурван жил болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРОрон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Баянхонгор аймагт 2014 онд барихаар төлөвлөсөн авто гаражын барилга өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна.
Анх “Цэвэр хот” ОНӨХХК буюу Хог тээврийн газрын хэрэгцээнд авто гараж байгуулахаар дээрх ажлыг эхлүүлжээ. Тухайн үеийн удирдлагууд энэхүү гаражыг бариулахаар тендэр зарлаж, “Мөнх оргилын жигүүр” ХХКомпани шалгарсан байна. Санхүүжилт дутуу гэх шалтгаанаар хариуцах эзэнгүй шахам болсон царцмал барилгын гүйцэтгэлд 22 сая төгрөгийг Баянхонгор сумын Орон нутгийн хөгжлийн сангаас шилжүүлсэн баримт бий. Гэтэл барилгыг барих явцдаа огт суурь цутгаагүй, ханыг бат бөх биш блокоор өрсөн, хаалгыг дээврийн нимгэн төмрөөр хийсэн гээд чанарын шаардлага хангахгүй байгаа аж.
Цаашид 2017 оны Орон нутгийн хөгжлийн сангаас 10 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр асуудал тавигдаж байгаа энэ авто гражын барилгыг анх хийгдсэн зураг төсвөөс нь өөрчлөн баталсан. Ингэхдээ одоо баригдсан байгаа газрынх нь зөвшөөрлийг албан ёсоор гаргуулаагүй, техник эдийн засгийн үндэслэлгүй эхлүүлсэн ноцтой зөрчил ч байгаа юм байна. Түүнээс гадна өндөр хүчдэлийн шугамтай ойр байгаа нь холбогдох журам, зааврыг зөрчиж байгаа гэнэ.
Тендэр гүйцэтгэгч компаний хариуцлагагүй үйл ажиллагааны дүнд бүтэн гурван жилийн нүүр үзсэн ч ашиглалтад ороогүй байгаа энэхүү авто гаражын барилгын асуудал ийнхүү шийдлээ хүлээж байна.
Б.Мөнхзул