Баянбулаг хонины омгийг батлуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Баянбулаг суманд Баянбулаг хонины омогийг цааш судалж, батлуулах ажил багтжээ.
Мөн мал эмнэлэг, үржил, бой, хэтдээ махны боловсруулах үйлдвэр зэргийг өөртөө багтаасан төвлөрсөн үйлчилгээ, үйлдвэрлэлийн төв болох ажил туссан байна. Өнөөдрийн байдлаар намарт айл болгоны хашаанд л малаа нядалж, тэндээсээ борлуулагдаж буй. Зуны цагт энэ нь өөрөө эрүүл ахуйн шаардлага хангахгүй байх тал гарч байгаа юм. Тиймээс үүнийг нэг мөр болгож нядалгааны нэгдсэн цэгтэй болохоор шийдвэрлэжээ.
Тус цэг ашиглалтад орсноор малчид төвлөрсөн цэгт малаа нядлуулж, мах, арьс шир, дайвар бүтээгдэхүүнийг нь тус тусад нь ангилуулан авч, хэрэглэгчдэд нийлүүлэхэд бэлэн чанартай бүтээгдэхүүн авдаг болох аж. Үүнийг дагаж энд олон ажлын байрыг шинээр бий болгох боломжтойгоос гадна хэтдээ энэ цэгийг түшиглэж мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулагдах юм байна.
Сонирхуулахад, Социализмийн үед Увсын баяд үүлдрийн 500 гаруй хонийг авчирч, торгон сүрэг бий болгож байжээ. Түүнээс хойш өөр олон омгийн хонийг авчирч, энэ нь цаг хугацааны уртад нутагшиж Баянбулагийн хонин сүрэгт өөрийн гэсэн омог бий болгохуйц сайн чанарын хонь бий болсон байна. Төлөг гэхэд ган, зудтай жилүүдэд ч 22 кг-аас дээш жин дардаг аж.
Б.Мөнхзул