Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд хонины цэцэг өвчин гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Мөнххаан сумын Нэгдүгээр багийн нутаг Хүйсийн говь гэдэг газар хонины цэцэг өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Тус газарт хоёр малчин өрхийн 200 гаруй хонинд шинж тэмдэг илрэн, лабраторийн шинжилгээгээр цэцэг өвчин мөн гэж оношлогдсон 20 гаруй хонийг устгалд оруулжээ.
Сүхбаатар аймгийн тухайд вакцин хийгдсэн газар дахин цэцэг өвчний тохиолдол илэрч байгаа дөрөв дэх аймаг болоод байгаа юм. Учир нь одоогийн өвчний голомт илрээд байгаа газрын малчдын хонийг өмнө нь 100 хувь вакцинд хамруулсан юм байна.
"Малын халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг стандартын дагуу хийх, хадгалах ажлыг нарийн зохион байгуулалттай хийх шаардлагатай байгаа. Ингээгүйн улмаас вакцины шинж чанар алдагдах, технологи буруу байснаас үүдэн дархлаажуулалт тогтохгүй байх сул талтай учир одооноос мэргэжлийн байгууллагуудтай ярьж байна. Ирэх гурван сард ОХУ-аас вакцин ирнэ. Үүнийг тухайг сардаа багтаан аймгийн хэмжээнд бүх малд хийнэ. Цаашдаа сайн чанарын вакциныг татан нийлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах төлөвлөгөөтэй байна..." хэмээн аймгийн засаг даргын орлогч Т.Амарбаатар хэллээ.
01 дүгээр сарын 9-ний байдлаар Мөнххаан суманд ажлын хоёр шуурхай бүлэг ажиллаж байна.
Т. Одончимэг