24 ортой хүүхдийн тасаг 84 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-10 14:38:35

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд томуу, томуу төст өвчний дэгдэлт хамгийн их байна. Үүнтэй холбоотойгоор аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг болоод Яаралтай тусламжийн тасгууд ачаалалт ихтэй ажиллаж байна.

2017 оны 01 дүгээр сарын 09-ний байдлаар АНЭ-ийн 24 ортой хүүхдийн тасагт 84 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нийт эмчлүүлж буй хүүхдүүийн 46 нь хүндэвтэр гэсэн оноштой байна.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатайгаар холбоотойгоор аймгийн ЗДТГ-аас хүүхдийн тасагт 10 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгчээ. Судас тодруулагч, утлагын аппарат, шарлагын аппарат, УВЧ, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, тарианы шахуурга зэргийг худалдан авч өгсөн бөгөөд Монголдоо бэлэн байгаа төхөөрөмжүүд нь ирж ашиглаж эхэлсэн байна. Эдгээрээс гадна хүүхдийн тасагт орны асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болсон байна.

“Яаралтай тусламжийн тасгийн ачаалал маш их байна. Тус тасгаар нэг өдөрт ойролцоогоор 45-50 хүн үйлчлүүлэхэд түүний 40 нь буюу 88,8 хувь томуу томуу төст өвчний шинтэй хүүхдүүд байна. Төвийн дуудлага өдөрт 30-50 удаа гарахд үүний 70,2 хувийг мөн л дээрх өвчиний тохиолдол эзэлж байна. Үүнтэй холбоотойгоор бид яаралтай тусламжийн тасаг, хүлээн авахад нарийн мэргэжлийн хүүхдийн эмч нэмэлтээр ажиллуулж байна. Мөн хүүхдийн нэг, хоёрдугаар тасгийг нээн ажиллууж байна. Гэхдээ яаралтай арга хэмжээг шуурхай авч ажилласаны дүнд өдрөөс өдөрт дээрх тоонууд  буурч байна...” хэмээн яаралтай тусламжийн их эмч Г. Ариунцэцэг хэллээ.

Т. Одончимэг

関連ニュース