Сүхбаатар аймгийн Нийтийн номын сан театрын байранд толгой хоргодож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-25 17:16:21

Сүхбаатар  аймгийн, Монгол Улсын СГЗ, Чингисийн одонт Г. Мэнд-Ооёогийн нэрэмжит Нийтийн номын сан нь өөрийн гэсэн байргүй, Жаахан шарга театрт үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус номын сан хүүхдийн болон насанд хүрэгчдийн уншлагын танхим, гэрээр ном олгох танхим, бүртгэл мэдээллийн танхим, номын фондны тасаг гэсэн бүтэцтэй.

“Манайх номын фондны нэг өрөөтэй. Хэдийгээр зориулалтын, стандартын шаардлага хангасан өрөө тасалгаанд номоо хадгалж чаддаггүй ч бидний хувьд нарны тусгалаас хол байлгах, тавиур дээр ангилж тавих, тоос шорооноос хамгаалах хаалт хөшиг  хийх зэргээр өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаад номоо хадгалах, хамгаалах ажлыг хийж байна. Ер нь бол жил бүр номын шинэчлэл хийгддэг учир фондны ганц өрөө хангалтгүй. Тиймээс манайд бол яах аргагүй номын сангийн байр шаардлагатай болоод байгаа...” хэмээн номын санч В. Энхтуяа хэлж байна.  

Уг номын санд жилдээ 6-7 сая төгрөгийн номын баяжилт тогтмол хийгддэг. Харин өнгөрсөн 2016 онд таван сая төгрөгийн өртөг бүхий 151 нэр төрлийн 265 ширхэг номоор өөрийн фондоо баяжуулжээ.  Ингэж номын баяжилтаа хийхдээ уншигчдынхаа хэрэгцээ сонирхолд нийцүүлэн номоо татдаг байна.

Т.Одончимэг

関連ニュース