Хилийн торон хамгаалалтыг шинэчилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймаг урд талаараа БНХАУ-тай хиллэдэг. Гэтэл улсын хилийн өргөст торон хамгаалалтыг сүүлийн хэдэн жил огт сольж засварлаагүйн улмаас муудаж, чанарын шаардлага хангахгүй болжээ. Харин аймгийн засаг дарга ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэх ажилдаа энэхүү торны асуудлыг шийдвэрлэж өгөхөөр тусгасан байна.
"Хилийн өргөст торыг шинэчилэхэд нэг тэрбум төгрөг шаардлагатай. Бид энэ хугацаанд холбогдох байгууллагуудынхаа хүчээр энэ ажлыг шат дараатайгаар хийх болно" хэмээн аймгийн ЗДТГ-ын дарга Ш. Мандахнар хэллээ.
Үүнээс гадна аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт хил хамгаалах, хилчдийн нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд хэд хэдэн шинэлэг ажил тусгагджээ. Жишээлбэл: Хилийн отръядуудыг орчин үеийн техникээр хангах ажлын хүрээнд нисгэгчгүй дрон камераар хангах, хилчдийг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хангах зорилгоор хилийн хэсэгт гүний худаг гаргах, хилийн өргөст торон хаалтыг шинэчлэх, хилийн заставуудыг эрчим хүчээр хангах, хилчдийн ажиллаж амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх тал дээр анхаарч хил орчмын худалдаа үйлчилгээг хөгжүүлэх, Хилийн сумдын хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн болон хилийн зурваст нутаглаж буй иргэдийн уулзалт зөвлөлгөөнийг тусгай төлөвлөгөөний дагуу хэсэгчилсэн байдлаар зохион байгуулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх Хилийн зурваст нутаглах иргэдтэй хилийн анги, сумын Засаг даргын тамгын газар гурвалсан гэрээ байгуулан зөвшөөрөл олгож ажиллахын зэрэгцээ гэрээний заалт, бүс нутагт мөрдөх журмыг удаа дараа зөрчсөн иргэдтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож ажиллах зэрэг чиглэлээр ажил зохион байгуулж ажиллах зэрэг тусгагджээ.
Хилийн цэргийн 0146 дугаар ангийн штабын орлогч дарга Г.Шинэбилэг хэлэхдээ: “Хилийн хувьд гарах хэрэг зөрчил багассан. Зөвхөн хамгаалалтын тор маань муудсан учир мал давах асуудал хэд хэд гарлаа. Манай хилийн торны ердөө цаад талд Хятад улсын хилийн тор бий. Тэр бол маш бат бөх. Хилийн хамгаалалтын тор тийм л байх ёстой. Гэтэл манайх, яг үнэндээ өнөө маргаашаа аргацаасан байдалтай, ер нь бол хүнд байгаа. Харин энэ асуудал маань засаг даргын мөрийн хөтөлбөрт багтаж ойрын хугацаанд хийгдэх болсонд хилчид бид үнэхээр их баяртай байна. Нийт хилчдийнхээ өмнөөс та бүхний ажилд амжилт хүсье...” гэсэн юм.
Т. Одончимэг