Сүхбаатарын Эрдэнцагаанд шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-30 16:54:15

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Өлзийтийн шанд, Цоргот, Говийн тасархай, Хулстай зэрэг газруудад малын гоц халдварт шүлхий өвчний голомт илэрчээ. Одоогоор дөрвөн голомтонд 64 үхэр, 14 хонь өвчилсөнийг бүрэн устгалд оруулаад байгаа юм байна.

Малын гоц халдварт шүлхий өвчний онош 1 сарын 28-ны өдөр батлагдсантай холбоотойгоор аймгийн онцгой комисс хуралдаж хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Уг нь өвчин гарсан голомтоос хааш хааш 60 км-ийн радиуст хорио тогтоох ёстой байдаг ч гаднаас, ялангуяа Дарьганга, Шилийн богдыг зорих олны хөл их байгаа учир Дарьгангын чиглэлд  хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Мөн холбогдох хүмүүс 4000 зээрэнд шүлхий өвчний тандал хийсэн байна. Тандалтаар ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй гэнэ.

“Эрдэнэцагаан суманд гарсан шүлхий өвчин гарсан цагаас хойш одоогоор нэмэгдэж гарсан зүйл байхгүй. Мөн Мөнххаан, Түвшинширээ сумдад гарсан хонины цэцэг өвчний дэгдэлт ч багасч байна. Гэсэн хэдий хорио цээрийн дэглэм  тогтсон хугацааг хүртэл үргэлжлүүлнэ. Энэ хугацаанд мал мах, малын гаралтай түүхий эд, амьд мал тээвэрлэхийг хориглосон байгаа. Ер нь аливаа халдварт өвчнийг хорио цээрийн дэглэмээр дарж авдаг. Одоогоор холбогдох газруудаас байнгын болон явуулын эргүүлүүд гарч ажиллаж байна. Тиймээс ард иргэд энэ дэглэмийг маш сайн дагаж мөрдөх  хэрэгтэй байна...” хэмээн аймгийн ОБГ-ын дарга, Онцгой комиссын орлогч Т. Энхбаатар хэллээ. 

Шүлхий өвчний шинж тэмдэг  2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр илэрч,  улмаар дээжийг улсын МЭАЦЛ-т хүргүүлж  шинжилгээнд оруулсанаар 1 дүгээр сарын 28-ны өдөр шүлхий өвчин мөн болох нь тогтоогдсон байна.

Т. Одончимэг

関連ニュース