Аймаг дамжин зургаан жил хулгай хийсэн хэрэгт 21 хүн холбогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-01-30 17:59:53

Архангай, Өвөрхангай, Булган аймгийг дамнасан хулгайн “мафи” болсон бүлэглэлийг илрүүлэн ял оноожээ. Энэ тухай аймгийн Прокурорын газраас мэдээллээ.

Архангай аймгийн Эрдэнэбулган, Ихтамир, Батцэнгэл, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Хайрхан, Булган, Чулуут, Цэнхэр, Цэцэрлэг, Өлзийт, Өгийнуур, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Булган аймгийн Сайхан зэрэг сумдын нутаг дэвсгэрээс 2009 оноос 2015 оны 11-р сар хүртэлх хугацаанд нийт 57 удаагийн үйлдлээр 70 хохирогчийн эд хөрөнгийг хулгайлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Х, Д нарын 21 хүн холбогдсон болох нь тогтоогджээ.

Аймаг дамжсан хулгайн хэргийг анх 2009 онд илрүүлэн шалгаж эхэлсэн ч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэгтнүүд оргож, үйлдлээ нэмэн бүлэглэлийн хүрээгээ тэлсээр байжээ. Зургаан жилийн хугацааны хамгийн сүүлийн хулгайг 2015 оны 11-р сард үйлджээ. Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаах ажиллагаа явуулсан эдгээр этгээдэд холбогдох эрүүгийн хэрэгт Архангай аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаагаар яллагдагч нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, машин, механизм хэрэглэн, давтан үйлдлээр гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцжээ. Анхан шатны шүүх хурал 2016 оны 12-р сарын 17-ноос 20-ны өдрүүдэд болж, тэдэнд онц хүнд, хүндэвтэр, хүнд гэсэн зүйл ангиар зургаан сараас 11 жилийн ял оноосон байна.

 

О.Амарзаяа

関連ニュース