Хилийн дэглэмийн зөрчил буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-31 10:57:39

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 110 дугаар тогтоолын дагуу улсын хил хамгаалалт, хангалт үйлчилгээг бүс нутгийн онцлогт нийцүүлэн хил орчмын нутгийн гадаад, дотоод хүчин зүйл, физик газар зүй, цаг агаарын онцлогийг харгалзан бүсчилсэн байдлаар зохион байгуулж байна.

Сүхбаатар аймаг дахь отрядууд тал хээрийн бүсэд хамаардаг бөгөөд хариуцсан хэсгээр гадаадаас тэнүүлчид, төөрөгсөд, хариулгагүй мал бэлчээрээр хил давах хэлбэрээр хилийн дэглэмийн, дотоодоос хил даван мал хулгайлах, мал бэлчээрээр хилд тулах, давах, хилийн зурваст ан хийх, байгалын баялаг ашиглах зэрэг хэлбэрээр хил орчмын дэглэмийн зөрчил ихэвчлэн гардаг байна. Өнгөрсөн онд гадаадаас тэнүүчлэх, төөрөх, Монгол Улсад оршин суух зорилгоор дөрвөн  удаа таван хүн, хоёр удаа бэлчээрээр хил давсан нийт 47 тооны мал, нэг удаа дотоодоос хил нэвтрэх эрхийн баримт бичгийн зөрчилтэй нэг хүн хил нэвтрэхийг завдсан, цасан шуурганд уруудаж 13 тооны мал хил давсан хилийн дэглэмийн зөрчил гарч, хоёр улсын хоорондын хилийн дэглэмийн гэрээний дагуу шийдвэрлэжээ.

Мөн бэлчээрээр болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр 13 удаагийн 3655 тооны мал хариулгагүй хилд тулж хил орчмын дэглэмийн зөрчил гарсныг илрүүлэн шийдвэрлэн ажиллажээ. Нийт зөрчлийн 72.3 хувийг хил орчмын дэглэмийн зөрчил, 27.7 хувийг хилийн дэглэмийн зөрчил эзэлж байна. Хилийн дэглэмийн зөрчил өнгөрсөн оны мөн үетэй харьцуулхад 3.8 хувиар буурч, хил орчмын дэглэмийн зөрчил 15.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гарч буй хил орчмын дэглэмийн зөрчлийн 38.4 хувь нь Эрдэнэцагаан, 23 хувь нь Дарьганга, 38.5 хувь нь Наран сумын хэсгээр гарчээ.

Сүхбаатар аймагт хилийн хоёр анги, 17 застав, 32 байнгын хилийн харуул, нэг шалган нэвтрүүлэх боомт, хил хамгаалалтанд туслах хүчний зургаан зөвлөл, 54 гишүүн, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, орон нутгийн иргэдийн оролцоотойгоор Сүхбаатар  аймгийн Эрдэнэцагаан, Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр сумын нутагт улсын  хил хамгаалалтыг зохион байгуулж, хил орчмын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалж байна.

Т. Одончимэг

関連ニュース