Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэний 124 жилийн ойг тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-02-02 11:13:57

Төр нийгмийн нэр зүтгэлтэн,  их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсэний 124 жилийн ой өнөөдөр тохиож байна. Их жанжнаараа овоглосон Сүхбаатар аймгийн тухайд энэ түүхэн хүнээ эргэн санах, алдар гавъяаг нь мөнхжүүлэх хүрээнд ойн өдрөөр нь олон төрлийн арга хэжмээг зохион байгуулахаар төлөвлөсөний нэг нь түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа байлаа.

Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ажиллагаанд аймаг орон нутгийн удирдлагууд, төрийн албан хаагчид, аймгийн цэргийн ангиудын бие бүрэлдэхүүн, анхмад настан, залуучууд гээд олон хүн зорин ирж оролцлоо. Мөн их жанжны хамаатнуудын төлөөллөөс ирсэн байлаа. Сүхбаатар аймгийн хэмжээнд жанжны үр хүүхэд, ах дүү, ач зээ нийлсэн 70 орчим хүн байдаг бол Монгол Улсын хэмжээнд 300 гаруй хүн байдаг юм байна. 

“Юуны өмнө нийт Монголчууд болон Сүхбаатарчууддаа их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэний 124 жилийн ойн баярын мэнд хүргэе. Бид бол их жанжнаараа овоглосон цорын ганц аймгийнхан. Тийм ч учрас энэ түүхэн хүнийхээ нэрийг өндөрт өргөж явах нь бидний үүрэг. Сүүлийн жилүүдэд жанжны маань нэр хүндийг зориудаар  харлуулах гэсэн, хийгээгүй үйлдэл хэлээгүй үгийг нь хэлсэн хийсэн мэтээр олонд ойлгуулж, гүтгэх явдал их гарлаа. Энэ бүхний зангилааг тайлж, Д. Сүхбаатар жанжин гэж ямар хүн байсан бэ гэдгийг олон нийтэд үнэн зөвөөр таниулах  хүмүүс нь бид юм. Энэ нутаг орны хүн бүр үүнийг бодож санаж явах учиртай...” хэмээн аймгийн засаг дарга З. Энхтөр цэцэг өргөх ёслолын үеэр хэллээ.

Цэцэг өргөх ёслолын үеэр цэргийн ангийн хугацаат цэргийн алба хаагч болоод ажилтнууд үзүүлэх тоглолт хийж сонирхуулсан нь энэ жилийн ой тэмдэглэх арга хэмжээний бас нэг онцлог байлаа.

Сүхбаатар аймаг 1942 онд байгуулагдахдаа Жавхлант шарга нэртэй байсан бөгөөд Д. Сүхбаатарын насан эцэслэсэний 20 жилийн ойг тохиолдуулан 1943 оны 2 дугаар сарын 20-ны өдөр БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 05 дугаар тогтоолоор Д. Сүхбаатарын нэрээр нэрлэхээр тогтсон байдаг юм.

Т. Одончимэг

関連ニュース