Сүхбаатар аймгийн АН-ынхан эсэргүүцлээ илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-02-06 19:20:27

2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн АН-аас аймаг орон нутагт өрнөж буй улс төрийн үйл ажиллагааг үгүйсгэн, эсэргүүцлийн жагсаалыг зохион байгууллаа. Гэвч уг жагсаалд төдийлөн хангалттай хүн ирж оролцсонгүй.

Сүхбаатар аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор аймгийн засаг даргын захирамж гарч хорио цээрийн дэглэм тогтоон, олон нийтийг үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа. Гэсэн хэдий ч АН-ынхан аймгийн засаг даргын захирамжийг үл тоон, цагдаа нар тарах шаардлага тавьсан ч түүнийг нь хүлээж авалгүй эсэргүүцлээ илэрхийлсээр өдрийг өнгөрөөлөө.

Жагсаалыг зохион байгуулагчдын зүгээс аймгийн МАН хууль бус томилгогоо зогсоо, ялагдлаа хүлээн зөвшөөр гэх мэтийн утга агуулга бүхий самбаруудыг талбай дээр байрлуулж, мөн зам дагуух сурталчилгааны самбарууд дээр өлгөжээ.

Ямартай ч уг жагсаал ямар нэгэн үр дүн, шийдэлд хүрсэнгүй өндөрлөлөө. Энэ бол Сүхбаатар аймагт болж байгаа хоёр дахь удаагийн тайван жагсаал юм.

Жагсаал болохын өмнөх өдөр буюу 02 дугаар сарын 05-ны өдөр аймгийн АН-ынханы дотроо харьцдаг байсан нууц хаяг задарч, маш олон нууц мессэж, үг үйлдлүүд олонд ил болсон нь ийнхүү жагсаал үр дүнгүй болох шалтгаан болсон гэж үзэх хүн олон байна. Нам улс төрийн ажилд сургуулийн багш, эмч хүмүүс идэвхтэйгээр оролцон, бүр их эмч хүн өвчтөнүүдээ жагсаалд оролцуулах тухай тохиролцсон мессэж  хүртэл олон нийтийн сүлжээгээр тарсан нь олны дургүйцлийг хүргэж байна.

Т. Одончимэг

関連ニュース