Дөрвөлж ОНӨҮГ-ын өр гурван тэрбумыг хол давжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-02-07 13:14:59

Сүхбаатар аймгийн ус, дулааны үндсэн хэрэглээг хангадаг Дөрвөлж орон нутгийн өмчит үйлдвэрийн газар /ОНӨҮГ/-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа ч санхүүгийн хувьд маш хүнд байдалд оржээ. Одоогоор тус компанийн өр 3 тэрбум 127 саяд хүрээд байгаа юм байна.

“Гурван тэрбумыг  давсан өр гэдэг бол энэ нь тус компанийг дампууруулах хэмжээний өр. Гэхдээ аймгийн халуун дулаантай холбоотой учир ингээд орхиж болохгүй.  Энэ их өрийг ганцхан компани ч төлж барагдуулахад хүндрэлтэй. Тиймээс аймаг орон нутгийн удирдлага болоод улс орны эдийн засгаас тусламж хүсэхээс өөр гарц байхгүй...” гэдгийг шинэхэн удирдлага болох О. Дүүрэнбилэг ярьж байна. Нийгмийн даатгал, татвар, банкиуд, хувь хүнд гээд маш олон газар өртэй. Сардаа банкиуд болоод хувь хүнд зээлийн хүүнд 150 орчим сая төгрөг төлдөг байна.

Ингэж өрөндөө баригдах болсон гол шалтгаан нь өөрийн үндсэн үйл ажиллагаанаас өөр зүйлд хөрөнгө оруулалт  хийсэнтэй холбоотой. Тодруулбал: Сүхбаатар  аймагт хийгдсэн их бүтээн байгуулалт гэгддэг Боловсрол хорооллын орон сууцыг Дөрвөлж компани өөрийн хөрөнгөөр барьж  гүйцэтгэсэн. Гэтэл тухайн байрнууд нь борлуулалт муу байгаа учир мөнгөө тэнд гацаачихсан гэж хэлж болно. Үүнийг тус компанийн ерөнхий нягтлан бодогч Г. Наранцэцэг ч хэлж байгаа юм. Тэрээр “Дөрвөлж компани 2013 онд 10 гаруй сая төгрөгийн ашигтай ажиллаж чадсан ч 2014 онд Боловсрол хорооллыг барих нэрийдлээр ганцхан жилийн дотор 1,9 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, өрөнд орсон. Манайх сардаа 600 гаруй сая төгрөгийн орлоготой ажилладаг. Гэвч ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, татвар, нүүрс, цахилгаан эрчим хүч гээд шаардлагатай зүйлд зарцуулаад сарын орлого дуусдаг...” гэдгийг  хэлсэн юм.

Дөрвөлж ОНӨҮГ нь 260 гаруй ажилтантай. Ажилчдын сарын цалин 300 мянгаас 1 сая 200 мянган төгрөгийн хооронд байдаг. Компани ийм хүнд байдалд орсон учир банкиуд ажилчидад нь зээл олгохоос татгалзаж, зарим нь бүр дансыг нь хүртэл хаажээ. Тиймээс удирдлагын зүгээс үндсэн орлогоороо эхний ээлжинд ажилчдынхаа цалинг хугацаанд  нь тавьж байхаар шийдвэрлэжээ.

Т. Одончимэг

関連ニュース