ОУУХ-ны дэд ерөнхийлөгчийн айлчлал өнөөдөр өндөрлөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын уулчдын үндэсний холбоо /МУҮХ/-ны урилгаар Олон улсын уулчдын холбоо /ОУУХ/-ны дэд ерөнхийлөгч Питер Фааркашийн энэ сарын 14-нд эхэлсэн айлчлал өнөөдөр өндөрлөнө.
Түүний айлчлалын гол зорилго манай оронд өндөр уулын авиралт болон түүний үндсэн төрлүүд болох спорт авиралт, хаданд авиралт, мөсөнд авиралтын төрлүүдийн өнөөгийн хөгжлийн түвшинг МУҮХ-ноос танилцуулах, ОУУХ-той хамтран ажиллах хөтөлбөрийг нарийвчлан хэлэлцэж санал солилцох юм. Айлчлалын үеэр Монголын уулчдын гурван үеийн төлөөлөлтэй болон хот, хөдөө орон нутгийн уул, явган аяллын клубүүдийн төлөөлөлтэй уулзалт хийсэн байна. Тэрбээр, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа спорт авиралтын бэлтгэлийн хана, Тэрэлж дэх хаданд авиралтын замыг очиж үзжээ. Мөн ЭМСЯ, МҮОХ, Монгол-Унгарын Парламентын бүлгэмийн төлөөлөлтэй уулзалт хийжээ.
Уулын спорт авиралт болон мөсөнд авиралтын төрлүүд нь өвөл, зуны олимпийн их наадмын төрөлд шинээр нэмэгдэх магадлал бий болсон нь ийнхүү МУҮХ-ноос гадаад харилцаагаа өргөжүүлэхэд хүргэжээ. Энэ онд МУҮХ үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ сарын сүүлчээр ОУУХ-ны ерөнхий чуулганы хуралдааны өмнө гэдгээрээ онцлог айлчлал болж байна.
МУҮХ нь ОУУХ-ны жинхэнэ гишүүн бөгөөд тус холбооны Залуучуудын комисст сурвалжлагч гишүүнээр сонгогдон ажилладаг.
Д.Өлзий