Шүлхий өвчнөөр таван сумын 260 гаруй мал өвчилж, 220 гаруйг нь устгалд оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-02-07 15:43:59

Сүхбаатар аймагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчний дэгдэлт нэмэгдэж, одоогоор Эрдэнэцагаан, Сүхбаатар, Асгат, Сүхбаатар, Баруун-Урт гэсэн таван сумын 15 хот айлын 74 өрхөд 219 үхэр, 36 хонь, зургаан ямаа өвчлөөд байна. Үүнээс 224 малыг устгалд оруулжээ.

Мал эмнэлэг үржлийн газар /МЭҮГ/-аас вакцины хамгаалалтын бүс тогтоож вакцинжуулалтын ажлыг хийх чиглэл ирсэний дагуу Эрдэнэцагаан, Дарьганга, Сүхбаатар, Баруун-Урт, Асгат сумдын 320 гаруй мянган толгой малын вакцинжуулах ажил эхэлж, 34,9 хувьтай үргэлжилж байна. Энэхүү вакцинжуулалтын ажлыг хийхийн тулд бусад сумдаас малын эмч нар болоод бусад хүн хүч гээд 56 аж ахуй нэгж байгууллагын 30 гаруй эмч нарыг татан ажиллуулж байна.

ОХУ-д үйлдвэрлэсэн усан вакцин буюу хоёр удаа тарьж дархлаажуулалт тогтоодог вакциныг өвчний голомтот сумдад хийхээр төлөвлөсөн байна. ОХУ-аас ирсэн вакцин хүрэлцэхгүй тохиолдолд Энэтхэг улсад үйлдвэрлэсэн тосон суурьтай вакцин тарих юм байна.

"Сүхбаатар аймагт 02 дугаар сарын 07,08-ны өдрүүдэд шөнөдөө -28 градус хүрч хүйтрэх төлөвтэй байгаа. Тиймээс вакцинаа тарихдаа эмч нар болоод тэнд ажиллаж байгаа хүмүүс вакцинаа зөв тарих ёстой. Вакцины хадгалалт, тээвэрлэлт алдагдах, буруу тарих зэргээс шалтгаалан үр дүнгээ өгөхгүй байх тохиолдол гардаг. Аймгийн хэмжээнд 2016 оны 11 сард шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг бүх малд хийсэн боловч улсын МЭАЦЛ- өгсөн шинжилгээгээр вакцины дархлаа тогтоогүй байна гэсэн дүн гарсан. Тиймээс тарилгыг маш зөв зохион байгуулах шаардлагатай байгаа юм. Дээрээс нь энэ өвчин өөрөө агаар дуслын зам болоод олны хөдөлгөөнөөр халдварладаг учраас иргэд маань хорио цээрийн дэглэмийг маш сайн биелүүлэх хэрэгтэй. Ингэж байж бид энэ шүлхий өвчнийг дарж чадна..." хэмээн аймгийн ХХҮГ-ын дарга Э. Өлзийтогтох хэллээ.

Аймгийн хэмжээнд хийгдэх масс вакцинжуулалтанд МЭҮГ-аас 1,5 мянган тун вакциныг нийлүүлэхээр болжээ.

Т. Одончимэг

 

関連ニュース