Оны эхний нэг сард гэмт хэргийн улмаас 5 хүн амь насаа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-02-16 16:13:41

Сүхбаатар аймгийн хэмжээнд 2017 оны эхний 1 дүгээр сард нийт 30 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оноос 12 гэмт хэргээр өссөн үзүүлэлттэй байгаа юм. Гэмт хэргийн улмаас таван хүн амь насаа алдаж, 17 хүнд хүнд болон хөнгөн хэлбэрээр бэртэж гэмтээд байна. Амь насаа алдагсадын ихэнх нь зам тээврийн ослоор эндсэн  байна.

Мөн дээрх 30 гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 58,9 сая төгрөгийн хохирол учирсаны 72,1 хувийг нөхөн төлүүлжээ. Гарч буй гэмт хэрэгт 29 хүн холбогдон сэжиглэгдсэний  37,9 хувь нь согтуудаа хэрэг үйлджээ.

Харин аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх эрүүлжүүлэх байранд 41 хүн эрүүлжүүлэгдэж, хоёр хүн баривчлагдан захиргааны арга хэмжээ авахуулсан байна.  Гэмт хэргийн илрүүлэлт 80 хувьтай байна.

Ганцхан  сарын дотор таван хүн эрдэнэт амиа алдана гэдэг нь зам тээврийн  осол буурахгүй байгаатай, нөгөө талаар иргэд замын хөдөлгөөнд зөв оролцохгүй байгаатай холбоотой. Аймгийн Цагдаагийн газраас бүх нийтийг зам тээврийн осол аюулаасурьдчилан  сэргийлэх, гэмт хэрэгт өртөхгүй, холбогдохгүй байх талаар олон талын арга хэмжээг авч байгаа. Гэвч төдийлөн үр дүнгээ өгч чадахгүй байгаа нь дээрх тоо баримтаас харагдаж байгаа юм.

Т. Одончимэг

 

関連ニュース