70 гаруй сая төгрөгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн багаж, хэрэгсэл нийлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймагт, шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг даргын нөөц сангаас 72,6 сая төгрөг зарцуулж халдвар хамгааллын хувцас, ариутгалын бодис, багаж хэрэгслэлийг голомт бүхий сумдад нийлүүллээ.
Таван иж бүрдэл бүхий хөдөлмөр хамгааллын хувцас 500 ширхэг, цэвэр спирт 75 литр, спирт 200 литр, амны хаалт 1000 ширхэг, хлорын шохой 10 тонн, ариутгалын шүршигч багаж 30 ширхэг, вакум зүү болон шил 800 ширхэг, 10 граммын шифриз 27600 ширхэг, ган зүү 26800 ширхэг тус тус иржээ. Эдгээр нь ердөө арав хоногийн нөөц юм байна.
“Малын өвчний голомтонд 500 орчим хүн ажиллаж байна. Энэ удаад ирээд байгаа хөдөлмөр хамгааллын хувцас гэхэд бүх хүнд хүрэлцэхгүй байгаа. Зөвхөн малын эмч болоод устгалын багт ажиллаж байгаа хүмүүст ногдож байна. Гэхдээ бид өөрт байгаа нөөцдөө түшиглээд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлаа хийж байна. Шүлхий өвчний дэгдэлт голомтот сумдадаа баригдаж байсан ч 02 дугаар сарын 16-ны өдөр Баяндэлгэр сумаас сэжиг бүхий дуудлага ирээд, дээжийг нь улсын МЭАЦЛ-т хүргүүлээд байна...” хэмээн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э. Өлзийтогтох хэллээ.
2017 оны 02 дугаар сарын 17-ны байдлаар Сүхбаатар аймгийн зургаан сумын 124 хот айлын 193 өрхийн 1373 үхэр, 162 хонь, 18 ямаа нийт 1551 мал шүлхи өвчнөөр өвчилсөнөөс 1306 малыг устгалд оруулаад байна.
Өмнө нь малын гоц халварт өвчний үед ариутгал халдваргүйжүүлэлтийн багаж хэрэгслийн улсын нөөцөөс гаргадаг байсан ч энэ жил улсын нөөцөөс гаргах боломжгүй гэсэн учир ийнхүү аймаг орон нутаг өөрсдөө нөөц бүрдүүлж байгаа юм байна.
Т. Одончимэг