3000 орчим ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн засаг даргын 2016-2020 онд хүртэл хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр батлагдаж, цаасан дээрх зүйлээ ажил хэрэг болгох нөхцөл нь бүрдсэн. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Сүхбаатар аймгийг үйлдвэрлэгч аймаг болгон, үүгээрээ дамжуулан 3000 орчим ажлын байрыг шинээр бий болгохоор төлөвлөжээ.
Аймгийн засаг даргын 2020 он хүртэл хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр нь дөрвөн бүлэг, 114 зорилт, 418 арга хэмжээнээс бүрджээ. Бүрэн эрхийнхээ хугацаанд 245 бодлогын баримт бичиг батлаж, 15 арга хэмжээг төсөл хөтөлбөрөөр, орон нутгийн төсвөөр 243 ажил, арга хэмжээ, улсын төсвийн хөрөнгөөр 21, концессоор тав, Улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр 97, хувийн болон бусад эх үүсвэрээр 28 ажил арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөжээ.
“Бид бүрэн эрхийнхээ хугацаанд хамгийн гол нь айл өрх, иргэн бүрт анхаарлаа хандуулж, ажлын байр олноор нэмэгдүүлэхийг гол зорилгоо болгож байгаа. Нэг жилд 800, дөрвөн жилд 3000 орчим ажлын байрыг шинээр бий болгоно гэж төлөвлөсөн. Энэ нь зүгээр нэг цаасан дээр бичсэн тоо бус, тооцоо судалгааны дүнд хэрэгжих бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Хөтөлбөрийн гол чиглэл маань малчин иргэд, сумын төвийн иргэд, аймгийн төвийн иргэд гэсэн 3 үндсэн чиглэлтэй байна...” гэдгийг аймгийн засаг дарга З. Энхтөр хэлж байна.
Мөн Сүхбаатар аймгийг үйлдвэрлэгч аймаг болгох ажлын хүрээнд орон нутаг болон улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын төсөл хөтөлбөрөөр хэд хэдэн үйлдвэрлэл байгуулахаар зураг төсөл нь хийгдэж дууссан. Зарим нь удахгүй ажил хэрэг болно гэдгийг хэлж байлаа.
Т. Одончимэг