Эрдэнэмандал хийдийнхэн долоон настнуудтай уулзалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-02-17 16:57:01

Сүхбаатар аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдийн зүгээс Баруун-Урт сумын 1-р Бүрэн дунд сургуулийн хоёр дугаар ангийн сурагчидтай уулзалт хийж, Монгол түмний уламжлалт сар шинийн баярын тухай ярилцжээ.

Уулзалт ярилцлаганд 200 гаруй долоон настан оролцсон байна. Хэдийгээр долоохон настай боловч сурагчид яриануудыг маш анхааралтай сонсож, зарим зүйлийг асууж тодруулсан байна. Дээр үед яагаад цагаан сарыг тэмдэглэдэггүй байсан юм бэ? Монгол үндэсний баяраа архигүй тэмдэглэж болдоггүй юм уу? хэмээн асууж, сар шинийн баяраа архигүй тэмдэглэдэг болохыг хүсэж байгаагаа сурагчид илэрхийлжээ.

Бага насны хүүхдүүдийн хувьд цагаан сарын баяр бол хамгийн их хүсэн хүлээдэг баярынх нь нэг. Гэтэл архинаас болж бяцхан хүүхдүүд сайхан баярынхаа талаар таагүй сэтгэгдэлгүй үлдэхийг хүсэхгүй байна. Тийм ч учраас Сүхбаатар аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдээс сар шинийн баяраа архигүй тэмдэглэх уриалгыг дахин гаргаж байна.

Сурагчидтай Цагаан сарын уламжлалт зан үйлийн талаар харилцан ярилцаж, санаа бодлоо хуваалцахаас гадна, Яавал сайн хүн болох вэ? сэдвээр мөн яриа өрнүүлжээ.

Т. Одончимэг

関連ニュース