Таван хошой аварга малчны нэг нь Сүхбаатар аймгаас тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-02-25 14:04:48

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын найм дугаар багийн малчин Гочоогийн Батнасан нь Монгол Улсын хошой аварга малчин боллоо. Тэрээр Баруун-Урт сумаас төрөн гарсан анхны хошой аварга малчин  болж, улмаар Монгол Улсын хэмжээнд төрөн гарсан таван хошой аварга малчны нэг нь болсон юм.

Г. Батнасан нь 2016 оны мал тооллогоор 1800 гаруй мал тоолуулж, мянгат малчны болзлоо 19 жил, улсын сайн / аварга/ малчны болзолоо 10 жил тасралтгүй баталсан амжилтаараа ийнхүү улсын хошой аварга малчин болсон юм. Тэрээр зургаан хүүхэдтэй айлын хамгийн отгон нь бөгөөд 32 дахь жилдээ мал маллаж байна.

“Анх 2006 онд Улсын сайн малчин болж байлаа. Түүнээс хойш 11 жилийн дараа энэхүү амжилтаа бататгаж хошой аварга болсондоо баяртай байна. Аав минь 1959 онд нэгдэлд орж 64 нас хүртлээ дан адуу малласан. Тухайн үеэс л аавыгаа дагаж малчин болсон. Мал дагавал ам тосдоно гэдэг. Эрдэнэт мал сүргийнхээ буянаар сайхан амьдарч байна. Мал маллах үнэхээр сайхан шүү дээ. Би мал маллахдаа дөрвөн айлыг малжуулж, тусд нь гаргасан. Одоо тэд маань бүгд сайхан амьдарч байна. Бүгд аймаг, сумын аварга малчид болсон. Намайг дагаж мал маллаж байгаад уруудсан хүн байхгүй. Бүгд нь мянгат малчин болж, одоо сайн сайхан амьдарч байна. Энэ л миний хувьд юу юунаас илүү эрхэм шагнал юм даа. Би ч үүгээрээ байнга бахархдаг юм...” хэмээн Монгол Улсын хошой аварга малчин Г.Батнасан ярьж байна.

Монгол Улс 170 гаруй мянган малчинтэй. Үүнээс улирал одож буй бичин жилд 108 улсын аварга, таван улсын хошой аварга малчин төрөн гарсан юм.

Т. Одончимэг

関連ニュース