Гэр бүлээрээ "Аймгийн мэргэн" болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-03-02 17:59:18

Сүхбаатар /МОНЦАМЭ/ Сүхбаатар аймагт сүүлийн жилүүдэд Үндэсний Сурын спорт эрчимтэй хөгжиж, энэхүү спортоор хичээллэх хүмүүсийн тоо ч эрс нэмэгдсэн. Сүхбаатар аймагтаа л ахмад харваагчдын тоонд багтах Д.Ганзориг, Б.Сарангэрэл нар нэгэн өдөр Аймгийн мэргэн цол хүртлээ. Тэдний хувьд нэг гэр бүлийн  хүмүүс бөгөөд  гэр бүлийн хоёр харваач хоёулаа мэргэн цолтон болсон нь Сүхбаатар аймагт анхдагч үйл явдал  боллоо.

Тэдний хувьд аймагт болж буй бүхий л сур харвааны тэмцээнд оролцдог. Тэр дундаа аймгийн баяр наадмыг алгасдаггүй. Д. Ганзориг нь 2013 онд, Б. Сарангэрэл нь 2003, 2009 онуудад тус тус аймгийн баяр наадамд түрүүлж,Аймгийн мэргэн цолны болзол хангасан байдаг. Гэсэн хэдий ч тухайн үед албан ёсоор  цолыг нь олгоогүй байсан юм. Аймгийн ИТХ-ын шийдвэрээр Аймгийн мэргэн цолны болзол хангасан харваачдад цолыг нь нөхөн олгосон нь энэ юм.

"Бид ханилсан цагаас хойш өнөөг хүртэл сурын спртод татагдаж эхэлсэн. Сурын спорт бол гэр бүлийн болоод хүүхдийн хүмүүжил төлөвшилд маш эерэгээр нөлөөлдөг сайхан спорт. Бид хоёрын хувьд аймгийн мэргэн цолныхоо болзол хэдийн хангасан байсан. Харин өнөөдөр нэгэн зэрэг цолоо гардан авч байгаадаа үнэхээр их баяртай байна. Цаашид үндэсний энэ сайхан спорт, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, сурталчилан таниулахын тулд илүү их хичээх болно оо..." хэмээн Б.Сарангэрэл ярьж байна.  

Д. Ганзориг нь 1995 оноос эхлэн сур харваж эхэлжээ. Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул спортын мастер Пүрэвийн Гарамболд Сүхбаатар аймгийн модны үлйдвэрт ажиллаж байх үедээ өөрийн хүсэлтээр хэдэн шавь бэлтгэсэн нь  Сүхбаатар аймагт энэ спорт хөгжих үндэс тавигдсан гэж үздэг. Мөн түүний шавь нараас Сүхбаатар аймгийн анхны спортын мастер цолтон төрөн гарсан нь ч үндэсний сурын спортын хөгжилд нөлөө үзүүлжээ.  П.Гарамболдын анхны шавь нарын нэг нь Д.Ганзоригийн төрсөн эгч аймгийн мэргэн Д.Алтаннавч бөгөөд тэрээр эгчийгээ харж, дагаж явсаар энэ спортод татагдсан гэдэг. Өдгөө 20 гаруй жил тасралтгүй сур харваж байна. Харин түүний эхнэр  Б.Сарангэрэл нь нөхөртэйгөө танилцсан цагаасаа хойш 18 дахь жилдээ сур харваж байна. Тэдний том охин Г.Мишээл нь мөн долоон настайгаасаа эхлэн аав ээжийгээ дагаж явсаар энэхүү спортын тамирчин болж, аймгийн наадмыг алгасалгүй сум тавьж, тогтмол амжилттай оролцдог болжээ.

 

Т. Одончимэг

関連ニュース