Өндөр амжилт гаргасан тамирчдад олгох мөнгөн урамшуулал 10 дахин нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-03-03 14:38:47

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн засаг даргын захирамжаар спортын өндөр амжилт гаргасан тамирчид, спортын холбоо, дасгалжуулагч, биеийн тамирын багш, нийтийн биеийн тамирын арга зүйч нарыг урамшуулах журам шинэчлэгдэн, өмнө нь олгогдож байсан мөнгөн урамшууллын дүн 10 дахин өслөө.

Жишээлбэл: Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад өмнө нь аймаг орон нутгийн зүгээс 30 мянган төгрөгийн урамшуулал олгодог байсан бол, шинэчлэгдсэн журмаар 300 мянган төгрөг олгож байхаар болжээ.

Энэхүү захирамжийн гол зорилго нь Үндэсний спортын хөгжүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг сурталчилан олон нийтийг өргөн оролцуулж өндөр зэрэгтэй тамирчид бэлтгэсэн спортын холбоо, клуб дасгалжуулагч, биеийн тамирын багш, Нийтийн биеийн тамирын арга зүйчдийн ажлыг дэмжих, спортын өндөр амжилт үзүүлж, Сүхбаатар аймгийн нэр алдрыг Монгол улс, Тив, Дэлхийд мандуулсан тамирчдыг урамшуулахад оршино. Сүхбаатар аймгийн гаралтай, уугуул иргэн дэлхийн болон олимпийн наадмын аварга болвол, өөр аймаг сумын гаралтай ч Сүхбаатар аймгийн нэр дээр оролцож амжилт гаргасан бол дээрх урамшуулалыг олгоно. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч адил тэгш үйлчлэх юм.

Урамшуулалд Улсын аварга шалгаруулах тэмцээнээс дээш бүх төрлийн тэмцээн хамрагдана. Гагцхүү Олон улсын тэмцээн бол тухайн тэмцээнд тав ба түүнээс дээш орон хамрагдсан байх ёстой гэсэн шаардлагыг тавьжээ. Сүхбаатар аймгаас үндэсний бөхийн Монгол Улсын аварга цолтон болоод олимпийн аварга төрвөл тус бүр 100 сая төгрөгийн урамшуулал олгохоор журамласан байна.  Үндэсний бөхөөс гадна сур, шагай, хурдан морины уяачид хүртэл энэхүү урамшуулалд хамрагдах боломжтой болжээ.

Шинэчлэгдэсэн захирамжийн дагуу 2016 онд спортын өндөр амжилт гаргасан нэр бүхий 81 тамирчин, багш дасгалжуулагчид 13 сая  660 мянган төгрөгийн урамшууллыг олгожээ. Харин 2015 онд 102 хүнд 7 сая 720 мянгөн төгрөгийн урамшуулал олгож байжээ.

Мөнгөн урамшууллыг жил бүр аймгийн засаг даргын нөөцөөс гаргана. Учир нь, энэ нь аймгийн засаг даргын 2020 он хүртэл хийж эхэргжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт спортын салбараас тусгасан байсан ажил бөгөөд ийнхүү эхнээсээ биелэлээ олж байгаа нь энэ юм.

Т. Одончимэг

関連ニュース