Эрдэнэмандал хийд олны хөлд дарагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын дараа гандан, хийдийг зорих олны хөдөлгөөн эрс нэмэгддэг. Сүхбаатар аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийд олны хөлд дарагджээ. Учирнь ард иргэд жилийнхээ засал номыг шинийн 15-нд багтан хийлгэхийг зорьж байна.
Сүхбаатар аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдийн дэд лам Н. Цамбанүрдэв хэлэхдээ "Засал ном хийлгэхийн ач тусыг энгийнээр тайлбарлахад хүн мал аль аль нь өвчин тусахгүйн тулд урьдчилан сэргийлэх вакцин хийлгэдэг. Үүнтэй адил хүн заслаа хийлгэсэнээр гариг эрхэс, гадны дотны хүчин зүйлээс ирж болох хорлол, өвчин зовлон, муу муухай бүх зүйлээс хамгаалах, тухайн ирэх зүйл хүч ихтэй бол хүчийг нь сулруулах, хүч багатай бол бүр мөсөн арилгаж болох юм. Засал ном хийлгэсэний ач тус нь үүнд л оршиж байгаа юм. Гал тахиа жилд 13-ны жил орж байгаа эрэгтэй хүүхэд, 25-ны жил орж байгаа эмэгтэй, 49-ний жилорж байгаа эмэгтэй, 68-ны жил орж байгаа эрэгтэй, 37,73-ны жил орж байгаа эмэгтэй эрэгтэй аль аль нь, 85-ны жил орж байгаа эрэгтэй, 97-ны жил орж байгаа эмэгтэй хүмүүс онцгойлон засалтай байгаа учир анхаарах шаардлагатай. Онцгой засал гэдэг нь ямар нэгэн гариг эрхэс, газар лус, гадны ямар нэгэн барцадаас ирж байгаа саад маш хүчтэй ирдэг. Хүчтэй өвдөж мэдэх ч юм уу, аль эсвэл бүр амь настай нь ч холбоотой байх тохиолдол бий. Энэ бүхнээс хамгаалахын тухайд засал номоо хийлгүүлдэг учиртай юм. Тиймээс эдгээр хүмүүсийг анхаарах шаардлагатайг дахин хэлмээр байна..." гэсэн юм.
Жилийн засал номыг заавал шинийн 15-нд багтаан хийлгэх шаардлагагүй. Хүн өөрийн цаг завыг харж байгаад жилийн хугацаанд багтан хийлгэж болдог. Гэхдээ шинийн 15-нд багтсанаар өөрт нь буцаад ирэх буян, ая холбогдолнь илүү хүчтэй байдаг хэмээн бурханы номонд заажээ.
Т. Одончимэг