Ц. Сэрчмаа Улсын дээд амжилт тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-03-06 16:12:13

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар  аймгийн Биеийн тамир спортын газрын дэргэдэх Хүндийн өргөлтийн клубын тамирчин Ц. Сэрчмаа нь хүндийн өргөлтийн Алтан туухай-2017 өсвөрийн аварга шалгаруулах  тэмцээнд оролцон огцом болон түлхэлттэй өргөлийн нийлбэр дүнгээр 41 килограммыг өргөж, Монгол Улсын дээд амжилтыг тогтоожээ. Тэрээр есөн настай бөгөөд уг спортоор хичээллээд нэг жил болж байгаа юм байна.

02 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Алтан туухай-2017 тэмцээнд Сүхбаатар аймгаас 12 тамирчин оролцож, 18 байгууллагын 150 орчим тамирчидтай өрсөлджээ. Сүхбаатар аймгийн тамирчдын хувьд энэ нь дөрөв дэх тэмцээн нь бөгөөд эмэгтэйчүүдийн төрөлд багаараа хоёрдугаар байранд шалгарч мөнгөн медалийн эзэд болжээ. Тэд есөн  алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл гээд нийт 19 багц медалийг аймагтаа авчирлаа.

Хүндийн өргөлтийн дасгалжуулагч багш Л.Одгэрэл хэлэхдээ “Хүндийн өргөлтийн спорт Сүхбаатар аймагт хөгжөөд нэг жил л болж байна. Энэ хугацаанд манай тамирчид чамлахааргүй амжилт гаргалаа. Алтан туухай-2017 тэмцээнд бид багаараа оролцон, амжилт гаргаж чадсан. Одоо бид удахгүй болох өсвөрийн УАШ тэмцээнд оролцох бэлтгэлээ хангаж байна. Бэлтгэл сургуулилт хийх нөхцөл боломж маань ч сайжирч байна. Шинэ диск болоод эмэгтэй голтой боллоо. Манай охидууд эрэгтэй гол дээр бэлтгэлээ хийж байсан бол одоо яг тив дэлхийн тэмцээнд ашиглагддаг эмэгтэй голтой боллоо. Тиймээс бид амжилтаа бататгах, улмаар ахиулах хэрэгтэй. Ер нь Сүхбаатар аймагт хүндийн өргөлтийн спорт маш сайн хөгжих боломжтой гэдгийг манай хүүхдүүд харуулж байна...” гэсэн юм.

Хүндийн өргөлтийн УАШ тэмцээн энэ сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

Т. Одончимэг

関連ニュース