Сүхбаатар аймгийн долоон суманд шүлхий өвчний голомттой байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар, Асгат, Мөнххаан, Түмэнцогт, Баяндэлгэр, Баруун-Урт гэсэн долоон суманд малын гоц халдварт шүлхий өвчин гараад байна. Долоон сумын 25 голомтонд 224 хот айлын 299 малчин өрхийн 2366 үхэр, 342 хонь, 42 ямаа нийт 2750 мал шүлхий өвчнөөр өвчилсөнийг бүгдийг устгалд оруулаад байна. Мөн бүх сумдын малыг вакцинжуулалтанд хамруулж дуусчээ.
“Малын гоц халдварт шүлхий өвчин 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Эрдэнэцагаан суманд анх гарсан. Түүнээс хойш долоон сумыг хамраад байгаа ч анх өвчлөл илэрсэн Эрдэнэцагаан суманд өвчлөл бүрэн зогссон. Мөн Асгат, Сүхбаатар, Баруун-Урт сумдад өвчлөл харьцангуй багасч байна. Бидний зүгээс ариутгал халдваргүйжүүлэлт, мөн вакцинжуулалтын ажлыг хийж байна. 13 суманд давхардсан тоогоор 179 малын эмч, санитарч, мөн туслах ажилтан, удирдах ажилтан гээд нийт 600 орчим хүн ажиллаж байна. Голомттой долоон суманд 2 дугаар сарын 01-23-ны хооронд вакциныг бүрэн хийж дууссан, нийт 13 сумаа авч үзвэл 95,2 хувийн гүйцэтгэлтэйгээр 02 дугаар сарын 27-ны өдөр малаа вакцинжуулж дууслаа. Вакцин сайн хийгдлээ гээд бид өвчнийг бүрэн устгасан гэсэн үг биш. Малаас гадна малын хот хороо, отог бууц, малчдын хувцас, авто машины хөл хөдөлгөөнөөр дамжин шүлхий өвчний вирус тархах, вирус нууц үедээ байж байгаад дахин сэдрэх гээд маш эрсдэлтэй. Тиймээс ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг маш сайн хийх хэрэгтэй. Ингэхгүй бол бид энэ өвчнийг бүрэн дарж чадахгүй. Харамсалтай нь бидэнд ариутгалын бодис хэрэглэлийн нөөц, хөрөнгө мөнгөний асуудал маш хүнд байгаа. Гэхдээ ямар ч байсан одоохондоо байгаа нөхцөл боломжиндоо тааруулан бүхий л талын ариутгалын ажлуудыг хийж байна. Ганц нэгэн сумыг эс тооцвол ер нь өвчлөл багасаж байгаа гэж үзэж болно...” хэмээн аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Э. Өлзийтогтох хэллээ.
Одоогоор аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан засаг даргын захирамж хэвээр мөрдөгдөж байна. Өвчний голомттой газар өвчлөл зогссоноос хойш 28 хоногийн дотор, мөн вакцин тарьсанаас хойш 14 хоногийн хугацаанд нэмж өвчлөл гараагүй бол дэглэмийг бууруулах заалттай. Гэхдээ Сүхбаатар аймгийн хувьд вакцин хийгдэж дууссан хоног болоод өвчлөл зогссон хугацааг авч үзэхэд дэглэмийг бууруулах боломжгүй байгаа юм. Учир нь хамгийн сүүлийн тохиолдол 03 дугаар сарын 07-ны өдөр Түмэнцогт суманд илэрч гурван үхэр өвчилсөнийг устгалд оруулаад байна.
Т. Одончимэг