Дуусаагүй байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг үргэлжлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт эхлүүлээд орхисон хэд хэдэн бүтээн байгуулалтын ажлууд бий. Тодруулбал: 1500 айлын орон сууц, Бөхийн өргөө, Усан бассейн, 16 давхар цамхаг гэх мэт барилгуудыг нэрлэж болно. Зогсонги байдалтай байгаа эдгээр барилгуудыг үргэлжлүүлэн хийх талаар аймгийн хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан байна.
Аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга У. Амарзаяа хэлэхдээ “ Бид аймаг орон нутгаа хөгжүүлэх, хөгжлийн шинэ түвшинд хүргэхийн тулд олон ажил хийхээр төлөвлөн ажилдаа ороод байна. Энэ дунд дуусаагүй байгаа хэд хэдэн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх явдал. Жишээлбэл: Аймгийн төвийн 16 давхар цамхагийг барьж ашиглалтанд оруулна. 1500 айлын орон сууны хувьд анх төсөл эхлэхэд хоёр талын хийсэн гэрээнд асуудал байгаа учир үүнийг дахин нягталж шинэчлээд анх ярьж байснаас арай өөр хэлбэрээр үргэлжүүлэх болно. Мөн усан бассейн, Эрдэнэцагаан сумын төвийн шинэчлэлийн ажлыг хийж дуусгахаар Улсын төсөвт тусгуулсан байгаа. Харин, Бөхийн өргөөний барилгын ажил зогсоод тав зургаан жил өнгөрлөө. Үүнийг анхнаасаа барилга барих боломжгүй газар эхлүүлсэн нь ийм байдалд хүргээд байгаа юм. Тухайн газар нь маш их ус тогтдог учир суулт өгсөн. Тиймээс тухайн барилгыг одоо үргэлжлүүлэх ямар ч боломжгүй учир татан буулгах байх...” гэсэн юм.
Мөн энэ оны үндсэн чиглэлдээ аймгийн төвийн дулааны станцын өргөтгөл, газар доогуурх дулааны шугам сүлжээ, 5,5 километр цэвэр усны шугамыг шинэчилж засварлах, ус цэвэршүүлэх байгууламжийг бүрэн шинэчлэх гээд хүний нүдэнд үл харагдах боловч маш их ач холбогдолтой, ард иргэдэд тустай ажлуудыг хийхээр тусгасан. Зарим ажлын зураг төсөл хийгдсэн, хөрөнгө мөнгөнийх нь асуудал ч захаасаа амжилттай шийдэгдэж байгаа талаар тэрээр хэлсэн юм.
Т. Одончимэг