Мөнххаан суманд хамгийн их мал хорогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд эхний хоёр сарын байдлаар малын зүй бус хорогдол 5,7 мянган толгой болж өмнөх оны мөн үеэс 33,8 толгой буюу 91,8 хувиар буурсан байна. Нийт хорогдсон малыг сумдаар нь авч үзвэл Мөнххаан суманд хамгийн их буюу 1766 мал, Түмэнцогт суманд 1128, Түвшинширээ суманд 1074 мал тус тус хорогдсон байна. Наран суманд хамгийн бага буюу есөн мал хорогдсон бол Онгон сум малын хорогдолгүй байгаа юм.
Малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл тэмээ хоёр, адуу 41, үхэр 2,4 мянга, хонь 2,2 мянга, ямаа 1,1 мянган толгой байгаа юм. Нийт хорогдсон малын 38,7 хувийг хонь, 42,3 хувийг үхэр эзэлж байна.Малын зүй бус хорогдол буурсан нь аймгийн хэмжээнд цас бага унаж, өнтэй сайхан өвөл болсонтой холбоотой хэмээн аймгийн Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Ц. Алтанцэцэг тайлбарлаж байна.
Харин өвчний улмаас хорогдсон малын тоо өмнөх оноос 3,1 мянган толгой буюу 11,1 дахин өсч, 3441 толгойд хүрчээ. Энэ нь малын гоц халдварт шүлхий, хонины цэцэг өвчний дэгдэлттэй холбоотой.
Малын зүй бус хорогдолд өвчний улмаас хорогдох, хотондоо үхэх, дайрлагын улмаас болон шалтгаангүй үхэх, араатанд бариулах зэрэг нь бүгд багтдаг юм байна. Малын зүй бус хорогдол буурсан ч үүн дотроо өвчний улмаас хорогдсон малын тоо нь өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Т. Одончимэг