Дөрвөн сумын хорио цээрийн дэглэм цуцлагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-03-16 16:21:07

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдаан өнөөдөр болж Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Баруун-Урт сумдын хорио цээрийн дэглэмийг цуцаллаа.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд шүлхий өвчин 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр илэрсэн. Үүнээс хойш 49 хоногийн хугацаанд өвчний дэгдэлт үргэлжилж, долоон сумыг хамраад байсан юм. Харин аймгийн хэмжээнд 03 дугаар сарын 06-ны өдөр өвчлөл бүрэн зогсжээ.

Шүлхийн өвчлөл зогссоноос хойш 28 хоног, сүүлийн вакцин  хийгдсэнээс хойш 14 хоногийн дараа өвчлөл нэмэгдэж гараагүй тохиолдолд хорио цээрийн дэглэмийг цуцлах ёстой. Баяндэлгэр, Түмэнцогт, Мөнххаан сумдын хувьд дээрх хоног хугацаа нь болоогүй байгаа учир дэглэм урьдын адил мөрдөгдөж байна.

Шүлхий өвчнөөр өвчилсөн 2800 малыг бүрэн устгалд оруулсан бөгөөд, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд 13 сумын малыг 96,2 хувьтай, амжилттай хамруулжээ.

Т. Одончимэг

関連ニュース