Гэмт хэргийн гаралт нэмэгдэж, илрүүлэлт буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-03-16 18:41:44

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд 2017 оны эхний 02 сард 61 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 27 гэмт хэргээр өссөн бол, гэмт хэргийн илрүүлэлт 82,4хувьтай байгаа нь өмнөх оноос 44,9 пунктээр буурсан байна.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас таван хүн нас барж, 32 хүн хүнд болон хөнгөн хэлбэрээр бэртэж гэмтжээ. Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд 102,9 сая төгрөгийн хохирол учирсаны 69,7 хувийг нөхөн төлүүлсэн байна.

Гэмт хэрэгт 65 хүн холбогдон сэжиглэгдсэний 26,2 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ. Харин оны эхний 02 сард 90 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 15 хүнээр буюу 20 хувиар өссөн байна. Нийт эрүүлжүүлэгдсэн хүмүүсээс хоёр хүн баривчлагдан захиргааны арга хэмжээ авахуулсан байна гэдгийг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

Сүхбаатар аймгийн хувьд ахуйн болон малын хулгай, танхайрах, авто замын осол зэрэг гэмт хэргүүд ихэвчлэн гарч байна.

Т. Одончимэг

関連ニュース