П.Сэргэлэн сайд Ховд аймгийн ХХААГ-ын ажилтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-24 11:11:38

Ховд/МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Ховд аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай танилцан, салбарынхаа мэргэжилтнүүдийн санал хүсэлтийг сонслоо.

Тэрээр яамнаас баримталж байгаа бодлого чиглэлүүд, Засгийн газраас ХАА-н салбарт хэрэгжүүлэх “Мах, сүүний аян”, “Атрын III аян”, “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч ажиллалаа. Ховд аймгийн тухайд хүн амын   төвлөрөл сайтай аймгуудын нэг. Энэ хэрээр ХАА-н салбарын хувьд ажил нь жигдэрсэн гэж Сайд салбарын ажлаа дүгнэлээ.

Тус аймгийн хувьд ХХААГ-ын дарга Ч.Баатарзориг, "манай ажлын байрны  барилга нэлээд хуучирч  муудсан учраас яаманд удаа дараа байраа шинэчлүүлэх асуудлаар санал хүсэлтээ уламжилсаар ирсэн.. Тус байгууллагын албан контор, лабораторийн барилга нь 1969 онд ашиглалтад орж, аймгийн МХГ-ын 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр барилгыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан гэдгээ сайдад танилцууллаа .

ХХААХҮЯ-ны хувьд “Атрын III” аяны хүрээнд ОХУ-аас 10 сая ам.доллар, Беларусь улсаас 5 сая ам.долларын бага хүүтэй урт хугацааны жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, тариаланчдад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авахаар шийдвэрлэсэн. Энэ нь газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тоног төхөөрөмжөө сольж, тариалалт, үйлдвэржилтээ өргөтгөх, бүтээгдэхүүний өсөлтөнд ахиц гарах боломжийг нээж байгаа талаар  сайд мэдээлэл өглөө.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Хөтөлбөрийн дагуу Монгол малыг эрүүлжүүлэхэд хойд хөрш ОХУ, НҮБ-ын ХХАА-н байгууллага манай  улсад ирж ажиллах  тухай тэрээр хэллээ.

А.Бямбасүрэн

関連ニュース