Олон улсын таеквондогийн УАШТ-д багаараа тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-03-28 18:25:56

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Олон Улсын таеквондогийн 24 дэх удаагийн УАШТ-д Сүхбаатар аймгийн баг тамирчид амжилттай оролцон багийн дүнгээр тэргүүн байр эзэлжээ. Сүхбаатар аймгийн, Эхлэл тулааны спортын нэгдсэн холбооны тамирчид анх удаа багаараа тэргүүн байранд шалгарлаа. Тэдний хувьд өмнө нь хэд хэдэн удаа хоёр, гуравдугаар байранд шалгарч байсан юм.

2017 оны 03-р сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан олон улсын таеквондогийн УАШТ нь өсвөр үе, насанд хүрэгч, ахмад гэсэн гурван насны ангилалаар явагдсан байна. Энэ удаагийн УАШТ нь 2018 онд Улаанбаатар хотод зохиогдох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрх олгох байснаараа онцлог байлаа.

Тус тэмцээнд Сүхбаатар аймгийн Эхлэл тулааны спортын холбооноос 32 тамирчин, нэг дасгалжуулагч багш оролцсон бөгөөд 31 тамирчин нь медаль хүртжээ. Тодруулбал, өсвөр үеийн тамирчид таван алт, дөрвөн мөнгө, насанд хүрэгчид зургаан алт, хоёр мөнгө хүртэж, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон байна. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон тамирчдаас оролцох боломжгүй болсон тохиолдолд мөнгөн медаль хүртсэн тамирчин нөхөн оролцож болох юм байна.

Мөн Эхлэл тулааны спортын холбооны дасгалжуулагч багш Н.Нэргүй Шилдгийн шилдэг дасгалжуулагчаар шалгарчээ.

Т. Одончимэг

 

関連ニュース