Сүхбаатар аймгийн АН-ын гишүүд суулт хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ИТХ-ын гуравдугаар тойрогт ялалт байгуулсан П.Мөнхжаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, тодорхойгүй шалтгаанаар ажлаас халагдсан төрийн албан хаагчдыг буцаан ажилд нь томилох, аймгийн ИТХ-ыг бүрэн бүрэлдэхүүнээр нь ойрын хугацаанд хуралдуулахыг шаардаж, аймгийн АН-ынхан эсэргүүцлийн жагсаал, суултаа эхлүүллээ.
Эсэргүүцлийн жагсаалд аймгийн АН-ын гишүүд, хууль бусаар ажлаасаа халагдсан иргэд оролцож байна.
“Аймгийн ИТХ-д МАН 16, АН 16 суудалтай байгаа. Дахин сонгууль явагдсан Дарьганга сумын тойрогт АН-ын нэр дэвшигч П.Мөнхжаргал илт давуу ялалт байгуулсан. Гэвч өнөө хүртэл төлөөлөгчийн маань бүрэн эрхийг батлахгүй, хуралдаа суух боломжийг нь олгохгүй байна. Үүнээс болж Сүхбаатар аймагт улс төрийн хямралтай байдал үүсээд байна. Үүнтэй холбоотой хийгдэж байгаа хууль бус үйл ажиллагаануудыг таслан зогсоох талаар манай намын зүгээс удаа дараа шаардлага тавьж байсан. Гэвч ямар нэгэн шийдэлд хүрээгүй учир бид энэхүү жагсаалаа эхлүүлээд байж байна. Бид одоогийн аймгийн удирдлагуудад шаардах бичгээ хүргүүлсэн. Хэрвээ түүнийг зохих хууль журмын шийдвэрлэх юм бол үүнийг заавал олон хоногоор үргэлжлүүлээд байх шаардлага байхгүй. Гагцхүү хуулийн дагуу асуудалд хандахыг л бид хүсэж байна...” хэмээн аймгийн АН-ын дэд дарга Д. Хосбаяр хэллээ.
Харин энэхүү эсэргүүцлийн жагсаалын болон АН-аас хүргүүлсэн албан шаардлагын тухай аймгийн орлогч дарга Т.Амарбаатар хэлэхдээ “ АН-ын зүгээс бидэнд албан ёсоор шаардлага ирүүлсэн. Өнөөдрийн байдлаар аймгийн ИТХ-ын дарга гадаадад томилолттой, аймгийн засаг дарга Улаанбаатар хотод мөн томилолттой яваа. Ямартай ч албан шаардлагыг би гардан авсан. Аймгийн удирдлагууд болоод МАН-ын бүлэгт энэхүү шаардлагыг танилцуулна. Бид байдлыг ажиглаж байна. Хэдийгээр нэг тойрогт маргаантай асуудал байгаа ч шүүх цагдаагийн байгууллагын дүгнэлт эцэслэн гараагүй байна. МАН-ын бүлэг дангаараа хийсэн ИТХ-ын анхдугаар хурадаан хүчин төгөлдөр гэдгийг Монгол Улсын дээд шүүх тогтоогоод өгсөн. Үүнтэй холбоотойгоор албан ёсны засаг дарга, ИТХ ажлаа хийж байна. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймагт улс төрийн бүх шатанд ажил цалгардалгүй, хэвийн үргэлжилж байгааг албан ёсоор мэдэгдье. АН-ын зүгээс тавьсан шаардлагын хариуг зохих хугацаанд нь өгөх болно... ” гэсэн юм.
Ирэх 4 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатарын талбайд АН-ын гишүүд дэмжигчдийн албан ёсны тайван жагсаал болно. Жагсаалд хөдөө сумдаас эрх ашиг нь зөрчигдөж байгаа иргэдийн төлөөлөл болон намын гишүүд оролцохоор ирнэ гэдгээ мэдэгджээ.
Т. Одончимэг