Дэлхийн эмч нарын баярыг угтан олон бүтээлч ажил хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-03-31 17:55:30

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн эмч нарын өдрийг угтаж Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг ажиллагсад болоод үйлчлүүлэгч, эмчлүүлэгчидрүүгээ чиглэсэн маш олон бүтээлч ажлуудыг зохион байгуулсан байна. Томоохон хөрөнгө оруулалтыг татаж ажилчдынхаа ажиллах, ард иргэдийнхээ тав тухтай орчинд үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлж чаджээ.

"Манай хамт олон жил бүр иргэдийнхээ сэтгэл ханамжийг хэрхэн дээшлүүлэх, хүн нэг бүрт хүрч үйлчлэх талаар өөрсдийн идэвхи санаачлагаар олон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Сүхбаатар аймаг 2014 онд 2,1 тэрбум төгрөгийн өртөг бүзхий оношлогооны төвтэй болж бйасан бол 2015 онд төрөх эмнэлэг, гемодиализын тасагтай болсон. Харин 2016 онд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цахим эрүүл мэнд төслийг хэрэгжүүлсэн, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр цусны салбар банк бүрэн тохижсон, төрөх эмнэлгийг 70 сая төгрөгөөр дахин засварлах гэх мэтчилэн олон ажлууд хийгдлээ. Энэ оны хувьд манай байгууллагаас аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 15 зүйл заалт бүхий санал хүргүүлсэн. Эдгээр саналууд төсөвт бүгд тусгагдсанд бид бүхний хувьд маш их баяртай байна. Жишээлбэл: Орон нутгийн санхүүжилтээр буюу 120 сая төгрөгөөр сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн засварын ажил эхэлнэ. Мөн нэгдсэн эмнэлгийн төв корпуст ачааны болон хүн зөөврийн лифт барих, элэгний В, С вирус тоолох бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулах гээд олон ажлууд хийгдэх гэж байна. Үүнээс гадна эмч нарын баяраа угтан эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулсан нь бас үр дүнтэй ажил боллоо..." хэмээн АНЭ-ийн дарга Д. Мөнхзул ярьж байна.

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг нь 60 их эмч, 130 гаруй сувилагч тусгай мэргэжилтэнтэй, нийт 288 ажиллагсадтайгаар аймгийнхаа 60 мянган хүнд эрүүл мэндийн хоёрдугаар шатны эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.

Т. Одончимэг

 

関連ニュース