Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяны нээлт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-04-03 18:09:45

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас жил бүрийн 04 дүгээр сарыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /ХАБЭА/-н сар болгон зарласан. Тухайн аяныг Сүхбаатар аймгийн хэмжээнд тав дахь жилдээ зохион байгуулж байна. Аяны нээлтийг Цайрт минераль ХХК дээр хийлээ.

Нээлтэнд аймгийн засаг даргын орлогч Т.Амарбаатар, Цайрт минераль ХХК-ийн дэд захирал Жан Юан Хуа болон аймгийн төвийн бүх албан байгууллагын төлөөллүүд оролцлоо.

“ХАБЭА-н сарын аяны хүрээнд зөвлөн туслах арга хэмжээ, үзлэг, хөдөлмөрлөх эрх, ХАБЭА-н тухай хууль тогтоомжийн мэдлэг сорих уралдаан тэмцээн, сургалт сурталчилгаа нөлөөллийн олон талт арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулна. Мөн ХАБЭА-н чиглэлээр шинэлэг санаа, оновчтой арга хэмжээ хэрэгжүүлж буй аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулж урамшуулах арга хэмжээг зохион байгуулахаар аймгийн салбар зөвлөл төлөвлөөд байгаа. Үүнд зарцуулагдах хөрөнгийг аймгийн засаг даргын нөөцөөс шийдвэрлэнэ. Ойролцоогоор 10 орчим сая төгрөг ХАБЭА-н чиглэлээр хийх ажилд тусгагдсан байгаа. Энэхүү ажил ганцхан сар яригдаад өнгөрөх биш, бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх ёстой. Мөн үр дүнтэй байх нь хамгийн чухал...” хэмээн аймгийн засаг даргын орлогч Т. Амарбаатар нээлтийн үгэндээ онцоллоо.

“Уул уурхайн хүнд нөхцөлд ажилладаг учир үйлдвэрлэлийн осол гарах тохиолдол бий. Гэхдээ хүний амь нас эрсдэх, бич мах бодиороо хүнд хохирох тохиолдол өнөөг хүртэл гарч байгаагүй. Бид ажилчдынхаа аюулгүй байдлыг хангах маш олон ажил хийдэг. Компани дээр сар болгон ХАБ-ын тухай сургалт сурталчилгааны ажил хийгддэг нь маш үр дүнтэй байдаг...” гэдгийг тус компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны хэлтсийн дарга С. Намсрай хэлж байна.

ХАБЭА-н сарын аяны нээлтэнд оролцогчид Цайрт минераль ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатай болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлуудтай нь танилцаж туршлага судаллаа.

Цайрт минераль ХХК-ийн хувьд 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа, Сүхбаатар аймаг төдийгүй Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж байгаа компани юм.

Т. Одончимэг

 

 

関連ニュース