Хөлбөмбөгийн шүүгчдийг чадавхжуулах сургалт Сүхбаатар аймагт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-04-04 15:05:02

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хөлбөмбөгийн холбоо, Монголын хөл бөмбөгийн холбоо хамтран шүүгчдийг чадваржуулах сургалтыг Сүхбаатар  аймгийн Биеийн тамир спортын газартай хамтран  Баруун-Урт хотод зохион байгуулж байна.

Тус сургалтанд Монголын хөлбөмбөгийн холбооны 30 залуу шүүгч болон Дархан, Дорнод, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн шүүгчид хамрагдаж байна.

"Би таван жилийн өмнө Монголд ирж байсан. Түүнээс хойш Монголын хөлбөмбөгийн холбооны хийж байгаа ажлууд, тамирчдын ур чадвар маш их сайжирсан байна. Монгол орон даяар хөлбөмбөгийн спорт сайн хөгжиж байгаа нь ажиглагдсан. Цаашид Олон улс болон Азийн хөлбөмбөгийн холбоо Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллахыг хүсч байгаа, шилдэг холбоодыннэг болгохын төлөө ажиллаж байгаа. Ингэхийн тулд тамирчдаас гадна шүүгчдээ ч мөн бэлтгэх ёстой. Тиймээс энэхүү сургалт маань маш үр дүнтэй болох учиртай. Энэ боломжийг бүрдүүлж өгсөн Сүхбаатар аймгийн БТСГ-ын хамт олонд үнэхээр их баярлаж байна..." хэмээн Олон улсын хөлбөмбөгийн холбооны шүүгчдийн зааварлагч Жон Чиа хэллээ.

Сүхбаатар аймгийн хувьд тамирчдаа бэлтгэх дасгалжуулагч багш нар сайн бэлтгэгдсэн. Бид дасгалжуулагч багшаа чадваржуулах, сайн тамирчин бэлтгэхэд гол анхаарлаа хандуулсаар өнөөг хүрсэн. Харин аймгийн хөлбөмбөгийн холбоонд шүүгч дутагдалтай байдаг юм. Тиймээс залуу багш нараа шүүгч болгохыг зорьж байна. Ингэснээр багаа дасгалжуулахад хүртэл маш өөр болно. Цаашлаад Монгол Улсынхаа нэрийг гаргасан шүүгч болох боломжтой юм. Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч саяхан нэг уулзалтан дээр Монголчууд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайн тамирчидтай байхаас гадна, сайн шүүгчтэй болъё гэж хэлж байсан. Үүнтэй бид санал нэг байгаа. Манай аймагт зохион байгуулагдаж байгаа гэдэг утгаараа бидэнд давуу тал байна. Энэхүү сургалтанд таван багш оролцож байгаа. Сургалтаас их мэдлэг хуримтлуулна гэдэгт итгэлтэй байна..." гэдгийг аймгийн хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Г. Дүгэрсүрэн ярьж байлаа.

Хөлбөмбөгийн шүүгчдийг чадавхжуулах энэхүү сургалт нь тав хоног үргэлжлэх бөгөөд онол, дадлага хосолсон хэлбэрээр явагдах юм.

Т. Одончимэг

関連ニュース