Мал эмнэлгийн албаны лабораторийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-04-04 15:12:49

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  сайд П.Сэргэлэнгээр ахлуулсан 14 хүний бүрэлдэхүүнтэй баг Сүхбаатар аймагт ажиллаад буцлаа. Тэд энэ хугацаандаа салбаруудын үйл ажиллагаатай танилцаж, шаардлагатай гэж үзсэн зарим асуудлыг  шийдвэрлэлээ.

ХХААХҮ-ийн сайд П. Сэргэлэн эхлээд Сүхбаатар суманд ажилласан юм. Тус суманд байгаа 10 га усалгааны систем бүхий тариалангийн талбайтай танилцаж түүний ашиглалтыг сайжруулах, улмаар аймаг орон нутгийнхаа төмс хүнсний ногоог орон нутагтаа тариалдаг болох боломжийг бий болгохын тулд сайдын зүгээс тусгайлан анхаарч, дэмжлэг үзүүлэхээр болсон юм. Тодруулбал: Тус талбайд тариалалт хийх хоёр тракторыг дагалдах иж бүрэн хэрэгслийн хамт шийдвэрлэж өглөө. Эдгээр нь нийлээд 200 гарй сая төгрөгийн өртөгтэй юм байна.

Үүний дараа аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /ХХААГ/ болон Мал эмнэлгийн албаны ажилтай танилцаж, салбарын ажилчидтай уулзалт ярилцлага хийх үеэрээ салбарынхны өмнө тулгамдаад байгаа хэд хэдэн асуудлгыг шийдвэрлэж өгсөн юм. Нэгдүгээрт, мал эмнэлгийн албаны лабораторийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг сайдын багцаар нэн түрүүнд шийдэж өгөхөө илэрхийлсэн. Хоёрдугаарт, ХХААГ-т жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор болсон юм. Тус санхүүжилтийг ирэх 4,5 дугаар сардаа багтан шилжүүлнэ гэлээ. Гуравдугаарт, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчингүй болохын тулд вакцинжуулалтын дараах хяналтыг сайжруулах ажилд шаардлагатай санхүүгийн асуудал дээр мөн дэмжлэг үзүүлэхээр боллоо.

“Бид салбарынхаа үйл ажиллагааг сайжруулах, чанар хүртээмжийг дээшлүүлэхийн тулд яамны зүгээс хөдөө орон нутгаа аль болох түлхүү дэмжиж, хамтрах болно. Гагцхүү орон нутгийн удирдлагууд идэвх санаачлагатай байж, шийдвэрлэж буй хөрөнгийг үр ашигтай, зөв зарцуулах ёстой. Сүхбаатар аймгийн 2020 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөртэй маш сайн уялдаа холбоотой болж чадсан гэдгийг би харлаа. Эдийн засгийн үндсэн суурь болох хөдөө аж ахуйруу чиглэсэн олон шинэлэг ажлууд тусгагдсан нь сайшаалтай. Тиймээс энэ бүхнийгээ ажил хэрэг болгох нь хамгийн чухал.  Үүнд хүн бүрийн идэвх санаачлага, сэтгэл хэрэгтэй...” хэмээн ХХААХҮ-ийн сайд П. Сэргэлэн хэллээ.

Дээр дурьдсанчлан ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн хөдөө аж ахуйн салбарт нэн шаардлагатай байгаа асуудлуудыг шийдвэрлэж, цаашид салбарынхаа ажилчдын цалин хөлс, нийгмийн асуудал дээр түлхүү анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

Т. Одончимэг

 

関連ニュース