Сүхбаатар аймагт газар өмчлөл ажил хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-04-07 18:53:34

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэнд газар үнэгүй өмчлүүлэх хууль 2002 онд батлагдаж, 2003 оны 05 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 14 жилийн хугацаанд Сүхбаатар аймгийн нийт хүн амын дөнгөж 15 хувь нь газраа өмчилж авсан байна.

Сүхбаатар аймаг 60 мянган хүн амтай. Эдгээрээс 9115 иргэн буюу нийт хүн амын 15 хувь нь газраа өмчилж авчээ. Үүнд нийт 820 га газар хамрагдаж байгаа юм.

Газар өмчлөлийн ажил яагаад ийм хангалтгүй байгаа талаар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар /ГХБХБГ/-ын дарга Х.Хишигбадрах хэлэхдээ  "Газар өмчлөлийн ажил хангалтгүй байгаа нь төр захиргааны байгууллагаас шалтгаалах зүйл байхгүй. Иргэн өөрийн хүсэлтээр газар өмчилдөг. Түүнээс та газраа аваач гэж шахах эрх бидэнд байхгүй. Магадгүй өнгөрсөн жилийн хугацаанд иргэд мэдээ мэдээлэл хангалтгүй авч байсан байхыг үгүйсгэхгүй. Тиймээс газар өмчлөлийн хууль дуусгавар болохоос өмнө манай газрын зүгээс газар зохион байгуулалтын талаарх мэдээллийг иргэдэд хангалттай өгч байх тал дээр анхаарч ажиллаж байна. Ерөнхийдөө үнэгүй газар олгох хууль ирэх оны 05 дугаар сарын 01-нд дуусна. Үүнээс өмнө газар олголтын ажлыг  эрчимжүүлэх шаардлагатай болоод байгаа юм..." гэсэн юм.

Сүхбаатар аймгийн ГХБХБГ-т 2012 онд газар өмчлөх иргэдийн өргөдөл 200 ирж, үүний 125-ыг нь,  2013 онд 700 гаруй иргэнээс өргөдөл ирсэний 50 хувийг нь шийдвэрлэжээ. Энэ нь мөн л иргэдээс ирсэн өргөдлийн шийдвэр хангалтгүй байгааг харуулж байгаа юм. Улмаар ГХБХБГ  2013 оноос хойш өнөөг хүртэл нэг ч иргэний өргөдлийг хүлээж аваагүй байна. Учир нь түрүү жилүүдэд шийдвэрлээгүй үлдсэн өргөдөл их байгаатай холбоотой.

Үүнээс гадна газар эзэмших эрхтэй ч өмчилж аваагүй иргэд олон байна. Энэ нь мөн дээрх ажлыг хангалтгүй гэж дүгнэгдэхэд нөлөөж байгаа юм байна. Зөвхөн Баруун-Урт сумын хэмжээнд гэхэд 400 гаруй иргэн тухайн газар дээрээ олон жил амьдарсан ч огт бичиг баримтгүй, эсвэл эзэмших гэрчилгээтэй ч өөрийн болгож өмчилж аваагүй байгаа юм.

Т. Одончимэг

 

関連ニュース