Сүхбаатарчууд бямба гараг бүрийн өглөө бүх нийтээрээ гүйнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-04-10 15:50:30

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар  аймгийн Биеийн тамир спортын газар /БТСГ/, Эрүүл мэндийн газар /ЭМГ/-аас хамтран зохион байгуулдаг бүх нийтийн өглөөний гүйлт, дасгал хөдөлгөөний 2017 оны нээлтийн ажиллагаа өнгөрөгч бямба гарагт боллоо. Нээлтэнд 20-иод байгууллагын ажилчид болон иргэд гээд нийт 300 гаруй хүн оролцсон юм.

Бүх нийтийн гүйлт, дасал хөдөлгөөн нь зургаа дахь жилдээ болж байгаа бөгөөд энэ жилийн хувьд тус арга хэмжээ нь “Миний эрүүл мэнд- Хөдөлгөөн” уриан дор зохион байгуулагдаж байна.

“Энэхүү арга хэмжээ маань өмнө нь зөвхөн аймгийн төв дээр зохиогддог байсан бол, энэ жилийн хувьд 13 суманд нээлтийн үйл ажиллагаа зэрэг явагдаж байгаагаараа онцлог. Сумдууд маань маш таатай хүлээн авч, өндөр хэмжээнд мөн нээлтээ зохион байгуулсан. Хамгийн гол нь ард иргэдээ ядаж долоо хоногт нэг удаа идэвхитэй дасгал хөдөлгөөнд хамруулж, нэг ч гэсэн хүнд биеийн тамир, дасгал хөдөлгөөний ач холбогдлыг ойлгуулж байвал энэ нь том үр дүн юм. Ер нь манай иргэдийн идэвхи оролцоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа. Иргэдийн сэтгэгдэл ч өндөр байдаг...” хэмээн аймгийн ЭМГ-ын Чийрэгжүүлэлтийн  мэргэжилтэн Ц. Жаргалсайхан хэллээ.

Цаашид аймгийн төвийн төрийн болон төрийн бус, хувийн хэвшил  гээд нийт 72 байгууллага гурав, гурваараа ээлжлэн долоо хоногийн Бямба гараг бүрийн өглөөний 07 цагт гүйлтийг зохион байгуулах юм.

Т. Одончимэг  

関連ニュース