МШУТ-д ирж байгаа гомдлын 50 гаруй хувь нь боловсролын салбартай холбоотой байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын дэргэдэх МШУТ-ийн 70321111 утсаар хонхны баярын тухай гомдол багагүй ирсэн байна. Тухайлбал сургууль төгсөлт болж байгаатай холбогдуулан сурагчдаас хонхны баярын мөнгө татах явдал гарч байгаа талаар мэдээлэл ирж, холбогдох газраас арга хэмжээ авч өгөхийг хүсчээ.
Аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдааны үеэр хэлэхдээ “МШУТ-д ирж байгаа гомдлын 50 гаруй хувь нь боловсролын салбарт гарч байна. Багш нарт сануулж, цалингийн тодорхой хувиар торгууль ноогдуулж байгаа ч зөрчил дутагдал гарсаар байгаа нь цалингийн торгууль цочоо өгөхгүй байна гэсэн үг. Одоо түрүүчээс нь ажлаас чөлөөлөх арга хэмжээ ав” гэлээ.
Аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдааны үеэр хэлэхдээ “МШУТ-д ирж байгаа гомдлын 50 гаруй хувь нь боловсролын салбарт гарч байна. Багш нарт сануулж, цалингийн тодорхой хувиар торгууль ноогдуулж байгаа ч зөрчил дутагдал гарсаар байгаа нь цалингийн торгууль цочоо өгөхгүй байна гэсэн үг. Одоо түрүүчээс нь ажлаас чөлөөлөх арга хэмжээ ав” гэлээ.
Хонхны баяр болон анги засвар, бусад үйл ажиллагаанд сурагчдаас мөнгө татах асуудал багш нарын дунд байнга гардаг бөгөөд эцэг, эхчүүдээс ч гомдол тасардаггүй юм. Үүнийг шийдвэрлэх хүрээнд сургуулийн удирдлагаас сануулга өгч, цалинг буурууллаа гэдэг ч энэ нь үр дүнгээ өгөхгүй байсаар байна.
Хонхны баярын үеэр хэрэг, зөрчил ихээхэн гарч байгаа тул БСШУС-ын сайдын тушаал гарч, төгсөлтийн баярыг нийллэг, шоу хэлбэрээр зохион байгуулахыг хориглосон. Тиймээс аймгийн Засаг дарга захирамж гаргаж, тодорхой саналуудыг дэвшүүлж байгаа юм. Тухайлбал төгсөлтийн нэрэмжит ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг зарлаж, төгсөгч ангийнхан өөрсдийн нэр бүхий мод тарьдаг, энэ үеэр төрийн байгууллагууд газар, суулгац зэргийг олгох, нүхийг ухаж өгөх зэргээр дэмжлэг үзүүлэх, хүндэтгэлийн тоглолт зохион байгуулж, аймгийн удирдлагуудаас баяр хүргэх зэрэг шинэлэг хэлбэрт оруулахыг зорьж байна.
Энэ дашрамд өгүүлэхэд аймгийн МШУТ-ын 70321111 шурухай утсаар 4 сарын 17-21 өдрүүдэд нийт 108 иргэн холбогдсон байна. Үүнээс 89 иргэн төрийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авсан бол 19 иргэн гомдол гаргажээ.
Нийт ирсэн гомдол, мэдээллээс Арвайхээр сумын ЗДТГ-т 12, Боловсрол, соёл урлагийн газарт 1, Мэргэжлийн хяналтын газарт 2, Санхүү, төрийн сангийн хэлтэст 81, Татварын хэлтэст 1, Улсын бүртгэлийн хэлтэст 1, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 8, ЭБЦТС-ын Өвөрхангай салбарт 2 хандалт байна.
Б.Батчимэг