Төмс, хүнсний ногооны хангамжийг 60 хувьд хүргэхээр төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-02 10:55:25
Ховд /МОНЦАМЭ/Ховд аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газраас санаачлан сумынхаа "Газар тариалан эрхлэгчдийн зөвлөлгөөн"-ийг зохион байгуулжээ. Энэхүү зөвлөлгөөнд тус сумын газар тариалан эрхлэгчид, иргэдийн төлөөлөл болсон 90 гаруй хүн оролцсон байна. Зөвлөлгөөнөөр газар тариалан эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудлууд, цаашид хийгдэх ажлуудын талаар заавар зөвлөмж өгч ажиллажээ. Булган сум нь төмс, хүнсний ногооны хэрэгцээний 27 хувийг л дотооддоо тариалдаг байна. Тэгвэл  энэ жилээс эхлэн  орон нутгийнхаа  газар тариалан эрхлэгчдийг дэмжин ажиллаж дээрх үзүүлэлтийг 60 хувьд хүргэж ажиллахаар төлөвлөөд байна.
Зөвлөлгөөнөөр газар тариалан эрхлэгчдийг бүлэг болгон ажиллуулах, усны эх гаргахад төр иргэн хамтарч ажиллах, сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлтийн мөнгөнөөс газар тариалан эрхлэгчдийг түлхүү дэмжиж ажиллах шийдвэр гаргажээ. Мөн хаврын тариалалтын ажлын хүрээнд  иргэдийн эзэмшлийн тор, хашаан дотор дайран өнгөрч буй нийтийн эзэмшлийн суваг шуудууг сэргээн засах ажлыг хийхээр болсон байна. Энэ ажилд сумынхаа тодорхой эрхэлсэн ажилгүй, орлогогүй иргэдийг татан оролцуулах ба 1 метр шуудууг 1000 төгрөгөөр үнэлэн ажиллуулахаар болжээ. 
 
А.Бямбасүрэн

 
関連ニュース