Марк Селби снукерийн дэлхийн гурван удаагийн аварга боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА./TASS/. Английн билльярдын тамирчин Марк Селби Английн Шеффилд хотод болсон снукерийн ДАШТ-нд /шагналын сан-1 910 000 фунт стерлинг/ аваргалжээ.
Тэрбээр шувтаргын тоглолтонд дэлхийн дөрвөн удаагийн аварга өдгөө 41 настай Шотландын билльярдчин Жон Хиггинст зургаан фреймээр хожигдож яваад түүнийг нэхэн гүйцэж, улмаар 18:15-ын харьцаагаар хожиж чадлаа.
Сүүлийн жилүүдэд М.Селби мэргэжлийн снукерчдийн дэлхийн чансааг тэргүүлж байгаа юм. Тэрбээр сүүлийн дөрвөн жилд гурван удаа /2014, 2016, 2017 он/ дэлхийн аварга болжээ. Өдгөө 33 настай Английн тамирчин чансаа тогтоох тэмцээнүүдэд нийт 12 ялалт байгуулсан ба түүнээс таван ялалтыг нь өнгөрсөн 2016/17 оны тоглолтын улиралд авчээ.
Марк Селби Лестерийн уугуул бөгөөд нутгийн хөлбөмбөгийн клубын хөгжөөн дэмжигч юм. Өнгөрсөн онд тэрбээр дэлхийн аваргын ялалтаа “Лестер”-ийн дарцгийг гартаа барин тэмдэглэжээ. Тухайн үед өөрийнх нь дэмждэг хөлбөмбөгийн клуб Английн аварга шалгаруулах тэмцээнд түүхэндээ анх удаа түрүүлснээс хойш ердөө 11 минутын дараа Марк Селби снукерийн ДАШТ-ний шувтаргын тоглолтонд ялалт байгуулж байжээ. Ингэснээр М.Селби дэлхийн гурван удаагийн аварга болсон юм.
Дэлхийн аваргын тэмцээнд түрүүлсэн тоогоор дээд амжилтыг Английн тамирчин Жо Дэвис эзэмшдэг бөгөөд тэрбээр 1927-1946 оны хугацаанд нийт 15 удаа ДАШТ-д аваргалж байжээ.
О.Барс