Аймгийн газар тариалан эрхлэгчдийн зөвлөлгөөн Буянт суманд болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-03 15:39:59
Ховд/МОНЦАМЭ/ Газар тариалангийн үйлдвэрлэлд “Атрын 3 дахь аян”-ыг орон нутагт үргэлжлүүлэн хэрэгжүүлэх  ажлын хүрээнд  Ховд аймгийн  Хүнс, Хөдөө Аж Ахуйн газар, Фермерчдийн  Ховд дахь салбар тариаланчдын холбоо, Ховд Агро Парк ХХК-иуд хамтран “Газар тариалан эрхлэгчдийн зөвлөлгөөн”-ийг өнгөрсан 04 дүгээр сарын 28–ны өдөр Буянт суманд зохион байгууллаа.
Зөвлөлгөөнд Буянт голын сав дагуу газар тариалан эрхэлдэг  Буянт, Ховд, Жаргалант, Мянгад сумдын 100 гаруй тариаланч оролцлоо.
Тариаланчдын зөвлөлгөөнөөр хаврын хөрс боловсруулалт, тариалалтыг цаг хугацаанд нь чанартай хийх, ХХААХҮЯ-аас олгогдож буй техник, тоног төхөөрөмж, үр бордоо, ургамал хамгааллын бодис, түлшний хөнгөлөлт зэрэгт хэрхэн хамрагдах, цаашид хийж хэрэгжүүлэх ажил дээр анхаарах асуудлын талаар харилцан  ярилцаж, санал бодлоо солилцсон байна.
Тус зөвлөлгөөн нь тариаланчдад  хөрс боловсруулалт, ногоо тариалалтанд  техник,  тоног  төхөөрөмжийг хэрхэн  ашиглах  заавар өгч, мөн үр бордоо, ургамал  хамгааллын бодисны  хөнгөлөлтөнд  хэрхэн  хамрагдах  талаар  шинэ мэдээлэл  хүргэв.
Буянт сум тус аймгийн гол тариалангийн бүс нутаг юм.
 
А.Бямбасүрэн
関連ニュース