Шилдэг үзмэрийн дээжсээ үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-05-18 21:59:37

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Орон нутгийг судлах музейгээс Олон улсын музейн өдрийг тохиолдуулан нэлээд ажлуудыг зохион байгуулж байна.

Олон улсын музейн зөвлөлөөс энэ жилийн музейн өдрийг “Музей ба ээдрээт түүх-Нээлттэй ярилцъя” сэдвээр тэмдэглэх уриалга гаргаж, удирдамж ирүүлсний дагуу Ховд аймгийн музей, Олон ястны өв соёлын хүрээлэнг үзэж, туршлага судалсан байна. Мөн Баян-Өлгийн аймгийн музейтэй хамтран “Монголын музейн түүхэн хөгжил “ гэрэл зургийн үзэсгэлэнг 350 орчим зурагтайгаар гаргаж 05 дугаар сарын 12-ноос Өлгий хотод, 06 сарын 01-нээс Говь-Алтай аймгийн музейд үргэлжлүүлэн үзүүлэх ажээ.
“Шилдэг үзмэрийн дээжис” сэдвээр аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 60 гаруй ховор нандин үзмэрүүдээр түр үзэсгэлэн гаргаж, 05 дугаар сарын 18-ны өдөр үнэ төлбөргүй үйлчилсний зэрэгцээ, энэ үеэр үзэгчдэд үйл ажиллагаагаа тайлагнан бүртгэл баримтжуулалт,  хадгалалт хамгаалалт, судалгаа шинжилгээний ажилд ашигладаг тоног төхөөрөмжүүдийг танилцууллаа.

                                                                                                                                   Ш.Цоодол

関連ニュース