Малын эрүүл мэндийг сайжруулахын тулд Мерси Кор Монгол байгууллагатай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-05-25 12:58:04
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Мерси кор Монгол байгууллагын суурин төлөөлөгч Рамеш Сингхээр ахлуулсан ажлыг хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна. Тэд орон нутгийн удирдлагууд болон малын эрүүл эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагууд, малчдын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын гол зорилго нь Мерси кор байгууллагаас цаашид малын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр орон нутгийн түвшинд хэрхэн хамтран ажиллах гарцыг тодорхойлоход чиглэж байгаа юм.
Сүхбаатар аймаг малын халдарт өвчний голомтот бүс нутаг. Тус аймагт 2001 оноос эхлэн малын гоц халдварт өвчин гарч, сүүлийн гурван жил дарааллан өвчлөл гарсан. Тийм ч учраас нэн тэргүүнд малын эрүүл мэндийг сайжруулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай. Үүний хүрээнд аймаг орон нутгийн зүгээс холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаагийн нэг нь Мерси Кор юм. Мерси Кор Монгол байгууллага нь 1999 оноос эхлэн Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол Сүхбаатар аймагт 2004 оноос эхлэн ажиллаж, энэ хугацаандаа найман төрлийн томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн байдаг юм.  Одоо хэрэгжих “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” төсөл нь 2019 он хүртэл үргэлжилнэ. Төслийн хүрээнд эдийн засгийн гол зангилаа болсон хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагааг дэмжих, малын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр ажиллана. Тиймээс төслийн багийн хамт олон аймаг орон нутгийн удирлагууд хийгээд малчдын төлөөлөл, фермерийн аж ахуй эрхлэгчид, малын эмч нар, холбогдох төрийн байгууллагын удирдлагуудтай уулзалт хийсэн юм.
Мерси кор Монгол байгууллагын суурин төлөөлөгч Рамеш Сингх хэлэхдээ “Миний хувьд Сүхбаатар аймагт анх удаа ирж байна. Аймгийн засаг дарга болон бусад хүмүүс найрсаг дотноор хүлээн авч байгаад үнэхээр их баяртай байна. Засаг даргын ярианаас мал аж ахуйн салбарт тулгамдаж буй ямар асуудлууд байгааг сонссон. Үүнийгээ хэрхэн системтэйгээр шийдэх талаар анхааран ажиллаж байгаа нь маш их таалагдлаа. Аливаа ажлыг дэс дараалалтай, системтэй хийнэ гэдэг маш чухал. Тэд үүнийгээ тодорхойлж чадсанд их баярлаж бас бахархаж байна. Тиймээс, малын эрүүл мэндийг сайжруулах цаашлаад Сүхбаатар аймгийг малын өвчингүй болгох тал дээр манай байгууллагын зүгээс хамтран ажиллахад бэлэн байна...” гэсэн юм.
Малын гоц халдварт өвчин гарсан тохиолдолд өвчний тархалтыг дэгдээхгүйн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох байгууллагууд авч хэрэгжүүлдэг. Гэвч тэдний өмнө хэд хэдэн хүндрэл байгааг аймгийн Мал эмнэлэгийн албаны дарга М. Молорчимэг уулзалтын үеэр танилцуулсан. Жишээлбэл: Мэргэжлийн боловсон хүчин дутмаг байдгаас болж сумдын мал эмнэлэг үржлийн тасагт мэргэжлийн бус хүмүүс ажиллах, газар нутгийн хувьд тал хээрийн бүс нутаг учир хорио цээрийн дэглэм тогтооход хүнд, вакцин хадгалах тээвэрлэх зориулалтын машин, байр сав байдаггүй, малчид болоод багийн засаг дарга нарын идэвх санаачлага, оролцоо хангалтгүй байдаг, ариутгалын бодисыг хангалттай хэмжээгээр нөөцөлж чаддагүй зэргээс болж малын эрүүл мэндийг хамгаалах ажил үр дүнгээ төдийлөн өгч чдахагүй байгааг хэлсэн юм.
Харин уулзалтанд оролцогч малчдын төлөөлөл, малын өвчнөөс болж мал мах, түүхий эд үнэгүйдэх, малчид малаа эдийн засгийн эргэлтэнд оруулж чадахгүйн улмаас орлогогүй болж, улмаар энэ нь малчдын амьдралд сөргөөр нөлөөлж байгааг хэлсэн. Тиймээс “Даван туулах дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” төслийн хүрээнд олон төрлийн эерэг өөрчлөлт,ахиц гарах ёстой гэсэн хүлээлттэй байгаагаа онцолж байлаа.
Т. Одончимэг 
関連ニュース