Сонгуулийн зохион байгуулалтын ажилд 500 гаруй хүн ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-05-26 13:16:10
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалтын ажилд Сүхбаатар аймгийн хэмжээнд 512 хүн ажиллана. Улсын хэмжээнд сүүлийн гурван удаагийн сонгуульд сонгуулийн хорооны дарга, нарийн бичиг, ахлах зохион байгуулагч ажилладаг болсон. Тэгвэл эдгээр хүмүүсийг чадавхжуулах, ерөнхийлөгчийн сонгуулийн зохион байгуулалтын асуудлаар сургалт зохион байгуулж, мэдээлэл хийв.
Сүхбаатар аймгийн хэмжээнд 13 сумын сонгуулийн хороонд 67,  59 санал авах байранд  295, итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу иргэний бүртгэлийн ажилтан 65, даамал 82 гээд ерөнхийлөгчийн сонгуулийн зохион байгуулалтын ажилд нийт 512 хүн оролцоно.
“Улс аймгийн хэмжээнд харьцуулаад үзвэл манай аймагт сонгуулийн үйл явц болон зохион байгуулалтын ажилтай холбоотой маргаан, зөрчил гардаггүй. Сонгуулийн зохион байгуулалт сайтай аймгуудын нэг гэж хэлж болно. Гэхдээ бид сайндаа бардаад туршлагатай гээд тайван байж болохгүй. Үйл ажиллагаагаа илүү сайжруулах, ажилчдаа чадавхжуулах шаардлагатай. Сонгуулийн хороонд анх удаа ажиллаж байгаа ч хүн байгаа. Энэ удаагийн сургалтаар сонгуулийн санхүүгийн зарцуулалт, түүн дээр тавих хяналт шалгалт, сонгогчдын шилжилт хөдөлгөөн, сонгуулийн дараах тайлангийн үйл явц гээд онцгойлон анхаарах шаардлагатай асуулын талаар заавар зөвлөгөө өглөө...” хэмээн аймгийн сонгуулийн хорооны дарга Ж. Түвшинжаргал хэллээ.  
Т. Одончимэг 
関連ニュース