Аймгийн нэгдсэн эмнэлэг сүүлийн арваад жил их засварт ороогүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-05-29 13:34:01
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Т. Мөнхболд аймгийн төвийн бүх албан газруудын үйл ажиллагаатай танилцаж байна. Тэрээр өнгөрсөн баасан гарагт буюу 05 дугаар сарын 26-ны өдөр аймгийн нэгдсэн эмнлэгийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг аймгийн засаг даргын зөвлөлд уламжлахаа мэдэгдэв. 
АНЭ шаардлагатай тоног төхөөрөмжөөр шат дарааллан хангагдсанаар иргэд гуравдугаар шатлалын эмнэлгээс авах зарим үйлчилгээг орон нутагтаа авдаг болсон. Ингэснээр эмнэлгийн үйлчилгээ, үйл ажиллгаа иргэддээ илүү ойртож, илүү хүртээмжтэй болж чадаж байгаа. Гэвч дутагдалтай, хүндрэлтэй зүйлүүд байсаар байна. Жишээлбэл эмнэлгийн барилга их засварт ороогүй арваад жил болжээ. Жилийн жилд ажилчид, тасгууд өөрсдийн санаачлагаар жижиг урсгал засваруудыг хийдэг. Нэгдсэн эмнэлгийн төв байр болон халдвартын эмнэлгийн дээвэр муудаж дээрээсээ ус гоождог болсон байна. Заримдаа дээрээсээ шороо гоожих тохиолдол ч гардаг гэнэ. Тиймээс дээврийн их засварын ажлыг яаралтай хийх шаардлагатайг хэллээ. Дараагийн тулгамдаж буй асуудал бол нэгдсэн угаалгын хэсэгтэй болох явдал юм. АНЭ 290 гаруй ажилтантай. Эдгээр ажилчидын хувцас, эмнэлгийн зөөлөн эдлэл бусад хэрэгслүүдийг хоёр гурван тусдаа өрөөнд жижиг угаалгын машинаар өдөр шөнөгүй угааж, зориулалтын бус ахуйн хэрэглээний индүүгээр индүүддэг. Ингэснээр тухайн ажилчин байнгын чийгтэй өрөөнд маш их ачаалалтай ажилладаг байна. Мөн эмнэлгийн хог хаягдлын автоклавын асуудлыг даруй шийдвэрлэхгүй бол эрсдэлтэй нөхцөлд байгааг онцоллоо. Энэ гурван асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэж өгөхийг нэгдсэн эмнэлгийн дарга н. Болормаа хүссэн юм. Мөн зарим тасгуудад ор, эрчим эмчилгээ сэхээний тоног төхөөрөмж шаардлагатай байгааг тасгийн эрхлэгч нар хэлж байлаа.
Орлогч дарга Т.Мөнхболд, аймгийн ЭМГ-ын эдийн засаг, удирдлага мэдээллийн хэлтсийн дарга О.Баярбаатар, ЗДТГ-ын эрүүл мэндийн бодлого хариуцсан мэргэжилтэн Дэлхийцэцэг нарын хамтаар нэгдсэн эмнэлгийн бүх тасаг нэгж түүний үйл ажиллагаатай танилцсан. Тэд дээрх бүх асуудлыг аймгийн засаг даргын зөвлөл болон холбогдох газруудад уламжлахаар боллоо.
Т. Одончимэг
 
関連ニュース