Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан төв нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-06-02 16:35:27
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан хөдөлгөөн заслын төв үүд хаалгаа нээлээ. Бусад аймгуудад ийм төв хэдийн байгуулагдаж, үйл ажиллагаа нь явагдаж ирсэн ч Сүхбаатар аймагт өнөөг хүртэл байгаагүй. Тиймээс Гэрэлт ирээдүйн гүүр ТББ-аас санаачлан нутгийн ард иргэдийн хандив тусламжаар энэхүү төвийг байгуулсан юм. Аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 247 хүүхэд байдгийн 150 гаруй нь бусдын асаргаанд байдаг байна.
 “Энэхүү төв нь Сүхбаатар аймагт анх удаа нээгдэж байгаа, нөгөө талаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулагдсан тоног төхөөрөмжөөр хангагдсан гэдгээрээ онцлог. Бидний хувьд төвийнхөө үйл ажиллагааг тогтмолжуулж, цаашид илүү онцгой анхаарч хөдөлгөөн заслын мэргэжлийн эмчийг орон тоогоор нь ажиллуулна гэдгээ амлаж байна...” гэдгээ АНЭ-ийн дарга Д. Болормаа нээлтийн үеэр хэлсэн юм.
Баруун-Урт сумын гуравдугаар багийн иргэн н. Бямбацогтын хоёр хүү нь хөгжлийн бэрхшээлтэй. Бага хүү нь өвчнийхөө улмаас хэдхэн сарын өмнө өөд болжээ. Тэрээр  хэлэхдээ “ Би 2008 оноос хойш өнөөг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ эмчлүүлэхээр Улаанбаатар хотыг зорьж байсан. Гурван сард нэг удаа заавал хот орж үзүүлж, эмчлүүлэх шаардлагатай байдаг. Ингэхэд цаг зав, хөрөнгө мөнгө маш их шаарддаг. Харин одоо ийнхүү аймагт маань эмчилгээний төв нээгдэж байгаад үнэхээр их баяртай байна. Миний хүү шиг олон олон хүүхэд энэ төвөөрөө эмчлүүлж, эрүүл саруул болох болтугай...” хэмээн хоолой зангируулан хэлээд бага хүүгийнхээ хэрэглэж байсан дугуйтай ширээг тус төвийн хамт олонд хүлээлгэн өглөө.
Бусдын асаргаанд байдаг 150 орчим хүүхдийн дийлэнх нь тархи болон хөдөлгөөний саажилттай. Эдгээр хүүхдүүдийн нийгмийн асуудлыг судалж шийдэрлэх ажлыг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбар комисс” гүйцэтгэдэг байна.
“Манай аймагт 2015 оны 05 сард “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбар комисс” байгуулагдаж улмаар тэдгээр хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, хөдөлгөөн сэргээн заслын эмчилгээнд хамруулах,тусламж авч чадахгүй байгаа хүүхдүүдэд чиглэл чиглэлийн зөвлөгөө, тусламжийг үзүүлэх зэрэгт анхаарч ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хөдөлгөөн заслын төв өмнө нь байгаагүй ч хүүхдүүдээ АНЭ-ийнхээ уламжлалтын тасаг, бариа заслын тасгаар үйлчлүүлж шаардлагатай эмчилгээ, сувилгааг хийлгүүлдэг байсан. Энэхүү төв маань хэдийгээр яг хөгждийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдрж чадаагүй хэдий ч маш олон хүн сэтгэлээрээ нэгдэж өрөөг өөрсдийн хэмжээнд тохижуулж чадлаа...” хэмээн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н. Адъяасүрэн хэллээ.
Тус төвийг байгуулахад найман сая гаруй төгрөг зарцуулжээ. Өрөөний тохижилт, засвар, шаардлагатай тоног төхөөрөмжид дээрх мөнгө зарцуулагдсан байна.
Т. Одончимэг
 
関連ニュース