Цусны салбар төв шинэ байранд оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-06-09 14:56:04
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн нэгдсэн эмнэлгийн цусны салбар төв нь өмнө нь чанар стандартын шаардлага хангасан өрөө тасалгаагүй, аймгийн НЭ-ийн байрны энд тэнд хавчуулагдан явсаар найм дахь нүүдэл дээрээ өөрийн гэсэн байртай боллоо. Цусны төв өөрийн гэсэн стандартын байртай болсоноор цус цусан бүтээгдэхүүн цуглуулах, үйлдвэрлэх, нийлүүлэхэд маш олон двуу тал бий болж байгааг албаны хүн онцолж байна.
Төрөх эмнэлгийн нэг давхарыг тохижуулан, чанар стандартын шаардлага хангасан  цусны салбар төвийн байрыг ийнхүү ашиглалтад оруулжээ. Тус байр нь шинжилгээний, донорын амрах, үзлэгийн, цус цуглуулах, үйлдвэрлэх, хадгалах, олгох гэсэн өрөө тасалгаануудтай. Энэ нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Эрүүл мэндийн салбар хөгжил төв-5 төслийн хүрээнд хийгдсэн ажил бөгөөд байрны засвараас гадна 44 нэр төрлийн 66 ширхэг тоног төхөөрөмжөөр хангажээ. Үүнд нийт 360 гаруй сая төгрөг зарцуулсан байна.
“Цусны төв өөрийн гэсэн стандартын байртай болж, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсанаар чанарын шаардлагатай, эмчилгээний өндөр үр дүнтэй цус цусан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хадгалах түгээх бүрэн боломжтой болж байна. Сүүлийн жилүүдэд цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ өсч байгаа. Бид, хоёр жилийн өмнө 70 литр цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэн олгодог байсан бол одоогоор 100 гаруй литр цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэн олгож байна. Хэрэглээ ингэж өсч байгаа шалтгаан нь үүнийг хэрэглэдэг мэс заслын тоо нэмэгдсэн, осол гэмтлийн тоо ихэссэн, өмнө нь оношлогдож байгаагүй цусны өвчнүүд шинээр оношлогдож байгаа зэрэг нь нөлөөлж байгаа юм. Тиймээс энэ нь цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл дээр онцгойлон анхаарах шаардлагатайг харуулж байгаа юм. Бидний зүгээс холбогдох бүхий л төрлийн ажил арга хэмжээг явуулж байна. Жишээлбэл, 2017 он гарсаар арав гаруй байгууллагад донорын талаар сургалт сурталчилгаа хийж, байгууллагаар нь донорын эгнээнд элсүүлсэн. Үүний үр дүнд иргэдийн донорын талаарх мэдлэг, бусдын төлөө цусаа бэлэглэх явдал өсөж байгаа. Энэ бол сайн үзүүлэлт. Ялангуяа залуусын манайд хандах байдал нэмэгдэж байна. Нийт донорын ихэнх нь 25-40 насны залуучууд байдаг.  Гэхдээ идэвхтэй ахмад донорууд ч бас бий. Хамгийн сүүлд гэхэд 59 настай ахмад манай донорын эгнээнд элссэн...” хэмээн АНЭ-ийн цусны салбар төвийн их эмч А. Алтантогос хэллээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар улс, аймаг орон нутгийн хэмжээнд нийт хүн амын гурван хувь нь сайн дурын авлагагүй донор байх юм бол цус цусан бүтээгдэхүүнийг хангалттай үйлдвэрлэж чадна гэж үздэг. Харин тус аймгийн хувьд нийт хүн амын нэг орчим хувь нь донорын эгнээнд нэгдсэн  байдаг байна. Харин олон жил цусаа бэлэглэсэн хүндэт донор 50 гаруй байдаг гэнэ.
Т. Одончимэг
関連ニュース