Мэриленд муж улс, Колумбын тойргийн Ерөнхий прокурорууд АНУ-ын Ерөнхийлөгчийн эсрэг шүүхийн нэхэмжлэл гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-06-12 15:33:58
ВАШИНГТОН./TASS/. Мэриленд муж улс, Колумбын тойргийн Ерөнхий прокурорууд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг шүүхийн нэхэмжлэл гаргахаар төлөвлөж байгаа тухай “The Washington Post” сонинд мэдээллээ.

Тус сонинд мэдээлснээр, Д.Трамп энэ оны 1 дүгээр сард төрийн тэргүүнээр ажиллаж эхэлснээсээ хойш хүртэл өмнө нь өөрийн хяналтдаа байлгадаг байсан компаниудаараа дамжуулан бусад улс орнуудын Засгийн газраас төлбөр хүлээн авсаар байгаа нь АНУ-ын Үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчиж байна гэж нэхэмжлэгчид баталж байгаа юм. АНУ-ын Ардчилсан намыг төлөөлж буй нэхэмжлэгчид өөрсдийн ишлэл үндэслэлээ Бүгд найрамдах намын гишүүн Д.Трамп Ерөнхийлөгч болсон хэдий ч өөрт харьяалагдах пүүсүүдээ өөрийн өмчлөлдөө хэвээр үлдээж, харин ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийхийн тулд өөрийн том хүү нараараа толгойлуулсан трастын сангийн удирдлагад шилжүүлсэн гэсэн бодит баримт дээр бүрдүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Америкийн нийслэл байрладаг Мэриленд муж улс, Колумбын тойргийн Ерөнхий прокурорууд хэрвээ холбооны шүүх тэдний нэхэмжлэлийг авч хэлэлцэхээр хүлээн авсан тохиолдолд процессын эхний алхам болгон Д.Трампын татварын мэдүүлгийн хуулбарыг шаардах гэж байгаа юм. Үүнээс өмнө Цагаан ордны одоогийн эзэн эдгээр баримтуудыг олон нийтэд ил болгохоос татгалзсан ба үүнийх нь төлөө Ардчилсан намынхан түүнийг эрс шүүмжлэх болсон билээ. Нэхэмжлэгчид Д.Трампын татварын тусламжтайгаар, хилийн чанадад үйл ажиллагаагаа явуулдаг түүнд харьяалагддаг компаниудын бизнесийн цар хүрээ хэмжээг нарийн тогтоохыг хүсч байгаа аж.
О.Барс 
関連ニュース