Нийт хээлтэгч малын 80 гаруй хувь нь төллөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-06-14 09:58:21
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг 3 сая 30 мянга гаруй толгой малтай. Үүнээс 1 сая 365,5 мянга нь хээлтэгч мал юм. 2017 оны 05 дугаар сарын байдлаар тус аймагт мал төллөлт 82,7 хувьтай үргэлжилж, гарсан төлийн 99,5 хувь нь бойжиж байна.
Төллөсөн хээлтэгч малыг төрлөөр нь авч үзвэл эм хонь 85,3 хувь, эм ямаа 84,6 хувь, ингэ 34 хувь, үнээ 67,3 хувь, гүү 66,8 хувь тус тус төллөжээ. Гарсан төлийн 99,5 хувь нь буюу 1,1 сая төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеэс 185,2 мянга буюу 19,6 хувиар өссөн байна. Төл бойжилтыг төрлөөр нь авч үзвэл унага, тугал, хурга 99,6 хувь, ишиг 99,3 хувь, ботго 98,9 хувьтай байна.
Баруун-Урт, Мөнххаан, Баяндэлгэр сумдад мал төллөлт өндөр хувьтай байгаа бол Наран, Түмэнцогт, Асгат сумдад харьцангуй бага үзүүлэлттэй байна.
Харин малын хорогдол өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан хэдий ч тус аймгийн хэмжээнд хонины цэцэг өвчний дэгдэлт их байсантай холбоотойгоор нийт хорогдсон малын 38,4 хувийг хонин сүрэг эзэлжээ. Эхний таван сарын байдлаар оны эхний малын 0,3 хувь нь хорогдсон бөгөөд түүний 38,8 хувь буюу 3,8 мянга нь өвчнөөр хорогдсон байна.
Т. Одончимэг 
関連ニュース